ДОРНОГОВЬ: "Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжгээс...
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас Их соён гэгээрүүлэгч, говийн V дүрийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Тэнгэрийн хутагт” соёлын фестивалийг есдүгээр сарын 19-20-нд тус аймгийн аялал жуулчлалын төв Хамарын хийдийн ойролцоо зохион байгууллаа.
Аялал
жуулчлалыг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулсан соёлын фестивалийн үеэр “Тэнгэрийн
хутагт”, “Үлэмжийн чанар”, “Өвгөн
суварга” зэрэг гурван тайзыг засаж соёл, урлагийн томоохон үйл ажиллагааг олон
нийтэд хүргэсэн юм.
Тухайлбал, “Тэнгэрийн хутагт” тайзнаа Үндэсний Урлагийн Их театрын жүжигчид “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг, “Морин хуурын чуулга”-ын тоглолт,” “Саран хөхөө” театрын уран бүтээлчид “Дорнын цадиг” уран бүтээлийг тус тус тоглосон бол “Өвгөн суварга” тайзнаа “Үлэмжийн чанар” яруу найргийн наадам, Хамарын хийдийн хурал, өглөөний уншлага, ноён хутагт Лувсанданзанравжаагийн зохиосон ая дангаар маань хөгжөөх, говийн есдүгээр ноён хутагтын айлтгал, “Үлэмжийн чанар” тайзнаа нарны мөргөл, нутгийн үүх түүх, хөгжмийн засал, бясалгал ба аз жаргал яриа хэлэлцүүлэг зэргийг өрнүүлэв.
Мөн говийн цэлмэг тэнгэр, од гаригийг дурандаж, харах үйлчилгээ, Дорноговь аймгийн гэрэл зурагчдын “Дорнын
говийн тусгал” гэрэл зургийн үзэсгэлэн, Дорноговь аймгийн 14 сумын онцлог, сонин сайхныг харуулсан “Өв соёлын
өргөө” гэр үзэсгэлэн, монгол наадгай
тоглоом, язгуур урлагийн тоглолт, монгол бичгийн
уран бичлэгийн үзүүлбэр, морь тэмээ
унуулах үйлчилгээ, нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг үзэгчдийн хүртээл болголоо. Соёлын фестивалийн үеэр олны хүртээл болгосон "Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжгийн хэсгээс фото дуранд буулгаснаа толилуулж байна.











