ЗАВХАН: Үндэсний бичиг соёл, ардын урлагаа таниулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан
аймагт үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг тэмдэглэлээ.
Үндэсний бичиг соёл номын өдрүүдийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг, "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 5.1.17 дахь заалтын дагуу жил бүрийн хавар, намар улс орон даяар уламжлал болгон зохион байгуулдаг.
Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сан, орон нутгийн соёл, урлагийн байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Энэ жилийн номын баярыг угтаж, аймгийн төвд 22 хөтөлбөрт үйл ажиллагаа зохион байгуулж 1100 гаруй хүн оролцсон бол номын баярын үйл ажиллагаанд аймгийн төвд 1500 гаруй хүн оролцсон байна. Аймгийн 23 суманд номын баярыг нийт 111 хөтөлбөрт үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулж 5480 гаруй хүн оролцжээ.
Утга зохиол, соёл, урлаг, ардын өв уламжлалаа таниулсан өргөн агуулгатай болсон номын баярын үйл ажиллагаа нь бүх насныхны хүсэн хүлээдэг баяр болсон нь сайшаалтай.
Тухайлбал, Завхан аймгаас төрөн гарсан “Болор цом”-ын эзэн
яруу найрагчдыг алдаршуулан таниуллаа. Манай аймгаас дөрвөн яруу найрагч болор
цомын эзэн болсон юм. Төрийн соёрхолт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн
Цогдоржийн Бавуудорж, Алдархаан сумын уугуул, МЗЭ-ийн шагналт яруу найрагч
Дорж-Юндэнгийн Болдхуяг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Базарсадын Баттулга,
МЗЭ-ийн болон Б.Явуухулангийн нэрэмжит шагналт яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуш
нар юм. Номын баярын үеэр дээрх яруу найрагчдын амьдрал, гавьяа шагнал, уран
бүтээлийн дээжээс хүүхэд залуучууд иргэдэд сурталчлан таниуллаа.
Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сангийн нээлттэй хаалганы
өдөрлөг болж аймгийн номын сангийн фондод байх хүүхдийн зохиолын шинэ номуудыг
таниулах үзэсгэлэн гаргасан байна. Энэ үеэрээ номын санчид ном сэлбэн засах
сургалтыг номд хорхойтой бүх насны уншигчдадаа зориулан явууллаа. Номтой багц
аяны фото зургийн үзэсгэлэн, уншигч, суралцагчдад зориулсан ном солилцооны үйл
ажиллагаа болов. Оросын шинжлэх ухаан соёлын төвийн дэргэдэх Завхан аймгийн
Орос хэлний төвийн суралцагч хүүхдүүд орос ардын үлгэр "Маша, баавгай
хоёр" хүүхдийн жүжгийг тавилаа.
Монгол Улсын консерваторын харьяа Завхан аймгийн Хөгжим
бүжгийн коллежийн уран зургийн ангийн суралцагчдын зургийн үзэсгэлэнг дэлгэж, бүх
насныхны уран зураг зурах үйлчилгээг нээлттэй явууллаа. Аймгийн Боролдой номын
дэлгүүрийн номын нээлттэй, урамшуулалттай худалдаа боллоо. Завхан аймгийн
Музейгээс боловсролын хөтөлбөрийг зохион байгуулж, уламжлалт тоглоом наадгай,
ялангуяа оньсон тоглоомыг бүх насныханд таниулсан сургалтыг өдрийн турш явууллаа.
Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн гишүүн, Яруу найрагч Т.Номчийн "Эгэл амьдралаас төрөн түгэхүй" шинэ номын нээлт болов. "Монголын нууц товчоо" боловсролын хөтөлбөрийг таниулж “Отхан” нэртэй өвлөн уламжлагчдын ардын урлагийн отгийн тоглолт боллоо. BOOKS AND OPEN MIC" арга хэмжээг хүүхэд залуучуудын дунд зохион явууллаа. "Этүгэн" уран бичлэгийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ. Энэ жилийн үндэсний бичиг соёл номын өдрийн үйл ажиллагаанд давхардсан тоогоор 1100 гаруй хүүхэд залуучууд, иргэд оролцлоо гэж Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээлэв.
Номын баярын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Бадамсүрэн, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Пагмаа нар үг хэллээ.
Орос хэлний төвийн суралцагч хүүхдүүд орос ардын үлгэр "Маша, баавгай хоёр" хүүхдийн жүжгийг тавилаа.
Болор цомын эздээ сурталчлан таниулав.
30 гаруй хүүхдүүдийн уран зургийн үзэсгэлэн дэлгэгдэв.
Шинэ болон сэдэвчилсэн номуудыг таниулав.
Өвлөн уламжлагчид ардын урлагийн тоглолтыг үзүүллээ.