ЗАВХАН: Коллежийн дотуур байруудын барилгын ажлын явц 45 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-19 16:49:49

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Политехник, МУК-ийн харьяа Хөгжим бүжгийн коллежууд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн дотуур байр барьж байна.  


Боловсролын яамны дэргэдэх Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төвийн дарга Б.Баатарзориг Завхан аймагт ажиллаж, Политехникийн коллеж, МУК-ийн харьяа Хөгжим бүжгийн коллежийн дотуур байрны барилгын ажлын явцтай танилцлаа.


Завхан аймагт энэ жил боловсролын салбарт улсын төсвийн 71.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 18 төсөл хэрэгжүүлж байна. Үүний нэг нь аймгийн Политехник коллежийн 150 ортой дотуур байр юм.


Тус дотуур байрыг улсын төсвийн 4533.7 сая төгрөгийн өртөгтэй "Аз өрнөх" ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Өнгөрсөн оны тавдугаар сард эхлүүлсэн барилгын ажил өнөөдрийн байдлаар 50 орчим хувьтай байна. Барилгыг ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулах юм.


МУК-ийн харьяа Хөгжим бүжгийн коллежийн 150 хүүхдийн дотуур байрыг улсын төсвийн 4533.7 сая төгрөгийн өртгөөр барьж байна. Барилгын зураг төсвийг "Дизкон" ХХК хийж, барилга угсралтын ажлыг "Арь констракшин" ХХК гүйцэтгэж байна. 2024 оны долоодугаар сард эхлүүлсэн барилгын ажлын явц 40 орчим хувьтай байна. Тус барилгыг ирэх оны наймдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм.


Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төвийн дарга Б.Баатарзориг дээрх барилгуудыг төлөвлөгөө, зураг төсвийн дагуу хийж буйд талархаж, барилгын ажлын явцын хяналтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран тогтмол хийхийг аймгийн Боловсролын газрын дарга, аймгийн Газрын Харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргад зөвлөлөө.

Мөн МУИС-ийн харьяа Бизнес мэдээлэл технологийн сургуулийн сургалтын баазтай танилцаж, эдгээр сургуулиудын удирдлагуудтай уулзалт хийж, хөрөнгийн менежментийг хэрхэн үр дүнтэй хийх талаар зөвлөгөө өглөө хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

МУК-ийн харьяа Хөгжим бүжгийн коллежийн 150 хүүхдийн дотуур байрыг

улсын төсвийн 4533.7 сая төгрөгийн өртгөөр барьж байна


相关新闻