УВС: Цоохор ирвэсийг хууль бусаар агнасан хэргийг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-24 13:43:22

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийг хууль бусаар агнаж, бусдад зарж борлуулсан гэмт хэргийг аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид илрүүлэн шалгаж байна.


Тодруулбал, энэ оны наймдугаар сард Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь Жаргалант гэх газраас иргэн Б нь бусадтай бүлэглэн нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийг хууль бусаар агнаж, бусдад зарж борлуулсан үйлдлийг цагдаагийнхан илрүүлжээ.


Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, прокурорын байгууллагад шилжүүлээд байна.


Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.


Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр “Цоохор ирвэс” нь 22.000.000 төгрөгөөр үнэлэгдэж, экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалж тооцон Монгол Улсын Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр заажээ.



相关新闻