Дундговийн тариаланчид аймгийнхаа хүнсний ногооны 20 гаруй хувийг хангадаг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-24 11:52:32

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Олон улсын ЖАЙКА байгууллагаас өөрсдийн боловсруулсан SHEP /Smallholder Horticulture Empowerment Project/ аргачлалыг Монголд нэвтрүүлэх зорилгоор жижиг, дунд хүнсний ногоо тариаланчдад чиглэсэн Техникийн хамтын ажиллагааны “Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлжээ.


Уг төсөл нь зорилтот бүс нутгийн онцлогт тохируулан MON-SHEP аргачлалыг боловсруулж, өрхийн тариаланч болон аймаг, сумын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлд чиглэсэн тариалалтыг хөгжүүлэх тогтолцоог бий болгох, улмаар хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм. Төслийг нийслэлээс гадна долоон аймагт хэрэгжүүлж байгаагийн нэг нь Дундговь. “Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахын зэрэгцээ SHEP төслийн явцыг сонирхох нь нэг сумаар хоёр туулай буудсан гэсэн үг. Дундговь аймгийн 10 өрхийг сонгон уг төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдний нэг нь О.Алтангэрэлийнх юм. Түүний талбайгаас бэсрэг сурвалжилга бэлтгэлээ.


О.Алтангэрэлийнх 0.36 га талбайд газар тариалан эрхэлдэг. Ингэхдээ голдуу алимны мод ургуулжээ.


Түүний хувьд энэ жил есөн сортын алим тарьснаас долоон сортын алимны ургац авсан байна. Түүнчлэн япон болон казах сортын тарвас, найман төрлийн нарийн ногоо, дөрвөн төрлийн бүдүүн ногоо тарьснаа ярилаа.


Лууван л гэхэд хоёр сорт байх аж. Биднийг очиход О.Алтангэрэл гэргийн хамт тариалангийнхаа талбайд угтан авсан бөгөөд ургацынхаа дээжээс дэлгэжээ. Тэрбээр “Ургац хураалтын төгсгөл дээр та бүхэн ирж таарлаа. Уг нь алимаа хураагаагүй байхад нь ирсэн бол илүү бодит зүйл харах байв. Энэ хэдэн модонд алим сагсайна шүү дээ” хэмээн инээмсэглэв. Говийн нөхцөлд газар тариалан эрхэлнэ гэдэг амар ажил биш. Усжуулалтаас эхлээд багагүй бэрхшээлтэй тулгарна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний гол нэрийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг 2022 онд зарласан. Үүнийг орон нутаг төдийгүй нийслэлд хэрэгжүүлэхийн тулд өрхийн тариаланчид нэмэгджээ. Гэвч хавар, зуны турш хөлс хөдөлмөрөө зарцуулсан ургацаа хэрхэн эргэлтэд оруулах вэ гэдэг нь анхаарал татна. Тэгвэл ЖАЙКА-гийнхан энэ чиглэлийн аргачлал зааж өгөх нь гол зорилго аж.


Энэ талаар Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих төслийн ахлах зөвлөх Мантани Нобүхиро, “Уг төсөл нь өрхийн тариаланчдын орлогыг сайжруулах зорилготой. Өөрөөр хэлбэл, ногоочид маань орлогоо сайжруулахын тулд ямар ажил хийж болохыг заасан гэсэн үг. Тэд бидний зөвлөгөө, санал болгосон аргачлалд үндэслэн өөрсдөө шийдвэрээ гаргаж, менежментээ удирдахад чиглэсэн. Уг төсөлд Дундговь аймгийн 10 тариаланч өрх хамрагдаж байна. Энэ төсөл 2024 оны 11 дүгээр сараас эхэлж, дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ. Төслийг Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Төв, Завхан аймагт хэрэгжүүлж байна. Эдгээр аймгийг Монгол Улсын Засгийн газартай зөвшилцсөний үндсэн дээр сонгосон. МON-SHEP төслийн аргачлалыг үргэлжлүүлж заах сургагч багш болон хөдөө аж ахуйн мэргэжилтнийг бэлтгэх нь бидний зорилго юм. Өөрөөр хэлбэл, уг төсөл бэлэн загас өгдөг биш барих аргыг нь заадаг гэсэн үг. Энэхүү аргачлалаар Монголд хөдөө аж ахуй, хүнсний ногооны үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлнэ” хэмээн ярилаа.


ЖАЙКА-гаас энэхүү төслийг анх 19 жилийн өмнө Кенид хэрэгжүүлсэн байна. Түүнээс хойш 60 гаруй оронд хэрэгжүүлжээ. Уг төслийн үр дүнд зарим оронд өрхийн тариаланчдын орлого 1.5-4.0 дахин нэмэгдсэн аж. Төслийг хэрэгжүүлэхдээ Япон дахь аргачлалыг хуулах бус Монголын цаг агаар, байгаль цаг уурын онцлог, эдийн засагт тохирсон аргачлалыг нэвтрүүлэхийг зорьж байгааг холбогдох хүмүүс хэллээ.


Төсөлд хамрагдаж буй тариаланч О.Алтангэрэл ярихдаа, “Би 20 жил ногоо тарьж байна. Анх сонирхлын түвшинд байсан бол одоо өрхийн хүнсний хэрэгцээгээ хангахаас гадна зарж борлуулдаг. Гол төлөв алимны мод тарьдаг. Одоогоор алимны 200 гаруй мод, ойн зурвасыг салхинаас хамгаалсан мөн тооны мод тарьж ургуулсан. Гол зорилго нь алим тарьж борлуулах ч зарим зардлаа бууруулахын тулд хажуугаар нь 10 гаруй төрлийн хүнсний ногоо тарьдаг. Энэ жилээс MON-SHEP хөтөлбөрт хамрагдсанаар техникийн зөвлөгөө авч, дадлагажин сайжирч, чадамжаа нэмэгдүүлэн тэр хэмжээгээрээ борлуулалт ч сайжирсан. Миний хувьд анх ашиг олох нь гол зорилго байсангүй. Харин хөтөлбөрт хамрагдсанаар ногоо тариалалт, борлуулалтын үеийн санхүү тооцоогоо хэрхэн хянаж хөтлөх, цаашид ямар аргачлалаар тооцож дараагийн тариалалтдаа хөрөнгө оруулах боломжтойг мэдэж авсан. Өмнө нь данс тооцоогоо хөтөлдөггүй байлаа. Тарьсан ногоогоо зараад л хэдэн төгрөг олдог байсан бол одоо илүү тооцоотой, түүнийгээ тариалалтаа боловсронгуй болгоход зарцуулдаг болсон” гэв.


Дундговь аймгийн хэмжээнд 30 гаруй тариаланч байсан бол өдгөө 130 болжээ. Сум бүрд өрхийн тариаланч бий болсон бөгөөд залуу өрхүүд энэхүү хөдөлгөөнд нэгдсэн нь онцлууштай юм.


ЖАЙКА-гийн МОN-SHEP хөтөлбөрт тус аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан сумын өрхүүд гол төлөв хамрагдаж байгаа бөгөөд төслийн ачаар усжуулалтын асуудлаа шийдвэрлэж чаджээ. Энэ нь ургацаа нэмэгдүүлэх чухал алхам болсон байна. Энэ талаар Дундговь аймгийн ХХААГазрын дарга Б.Мөнхжаргал, “Манай аймгийн тариаланчид 25 нэр төрлийн хүнсний ногоо тариалж байна. Аймгийн Засаг дарга Ногоон Дундговь хөтөлбөр батлуулж, ногоочдоо дэмжих ажлуудыг хийсээр ирсэн. Манайх шиг гадаргууны усгүй, гүний усаар усалгаа хийдэг нутгийн хувьд ургацаа нэмэгдүүлэх нь чухал. Төслийн хүрээнд дунд сургуулиудын Үдийн хоол хөтөлбөрт ч ногоо нийлүүлж байна. Манай аймаг гадаргууны усгүй учраас тариалалтын бүс нутаг шиг 10, 20 га-аар нь тариалах боломжгүй” хэмээлээ.


Айргаараа алдартай, брэнд болсон Дундговийнхон давжаа алимаа улсын хэмжээнд брэнд шахам болсныг дуу хуурын нутгийнхан бахархан ярьж байлаа. Хэдхэн хоногийн өмнө тус аймаг ургацын баяраа “Намрын өнгө” нэртэй зохион байгуулахад 30 гаруй тариаланч 21 төрлийн хүнсний ногоо, жимсээр оролцоход хоёр өдөрт 54.2 сая төгрөгийн орлого олжээ. Нутгийнхаа хөрсөнд тарьсан хүнсний ногоог иргэд нь дэмжиж авдаг ч үнийн хувьд бусад аймгийнхаас илүү байдаг аж. Жишээ нь, хангайн бүсэд тарьсан төмс 2500 төгрөг байхад Дундговийнх 4000 төгрөг байдаг байна. Энэ нь амт, чанар сайных гэнэ. Учир нь нарны тусгал их, элс хөрс, бууцтай холбоотой аж. Дундговь аймаг 47 мянган хүн амтай бөгөөд 130 гаруй тариаланч нь аймгийнхаа хүнсний ногооны 20 гаруй хувийг хангадаг байна. Түүнлчэн сургуулиудынхаа “Үдийн хоол” хөтөлбөрийн ногоог нийлүүлж байгаа нь том амжилт гэдгийг Б.Мөнхжаргал дарга онцоллоо. Аймгийн удирдлагуудаас мод тарьдаг хэрнээ хашаандаа худаггүй айлуудын модыг үнэгүй усалж өгдөг нь иргэдэд томоохон дэмжлэг болдгийг ярив. 














相关新闻