Агаарын бохирдол, цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. “Монгол Улсын агаарын чанарын менежментийн талаарх үндэсний семинар: Хөгжил, төлөв” олон улсын семинарыг “Блью скай” зочид буудалд зохион байгуулж байна.
Зүүн хойд Азийн дэд бүсийн Байгаль орчны хамтын ажиллагааны
хөтөлбөрийн ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалтын хүрээнд агаарын бохирдол, цөлжилт, газрын доройтол,
ган гачигтай тэмцэх хөтөлбөрийн
хэрэгжилтийг хэлэлцүүлж буй юм.
БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Золбаяр “Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны наймдугаар сард зохион байгуулна. Ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалт (SOM-28)-ын үр дүн COP17 болон бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдгийг семинарын үеэр онцоллоо.
Семинараар манай
орны агаарын чанарын өнөөгийн байдал, менежмент, холбогдох бодлого зохицуулалт,
институц, байгууллага хоорондын уялдааг танилцуулж, бэрхшээл сорилт, хамтын ажиллагааны
тухай ярилцлаа. Мөн бүс нутагт хэрэгжүүлж буй агаарын бохирдол, бага
нүүрстөрөгчтэй хотууд, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдал, байгаль
хамгааллын тухай мэдээлэл солилцож, 2026–2030 оны стратеги төлөвлөгөө, төсөв, үр дүнгийн хүрээг батлах,
мөн гишүүн орнууд болон олон улсын байгууллагын бодлого, санаачилгыг хэлэлцэв.
Энэхүү семинар нь НҮБ-ын Ази, Номхон далайн Нийгэм, эдийн засгийн комисс (UNESCAP)-ын Зүүн хойд Азийн дэд бүсийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөр (NEASPEC)-ийн Ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалт (SOM-28)-ын үргэлжлэл бөгөөд NEASPEC-ын Нарийн бичгийн дарга нарын газар болон Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг орны 40 гаруй төлөөлөл оролцож байна.
NEACAP (North-East Asia Clean Air Partnership) нь "Зүүн
хойд Азийн Цэвэр Агаарын Түншлэл" гэсэн утгатай бөгөөд НҮБ-ын Ази, Номхон
далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP), бусад байгууллагын дэмжлэгээр
Зүүн хойд Азийн орнуудын (Монгол, Хятад, Солонгос, Япон, ОХУ гэх мэт) хооронд
агаарын бохирдлын эсрэг хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.