ДОРНОГОВЬ: Ноён хутагтын зохиосон монгол бичгийн “Цагаан толгой”-г хэвлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-09-25 08:32:28

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Сайншандад буй Ноён хутагтын музейгээс их соён гэгээрүүлэгч Лувсанданзанравжаагийн “Хүүхдийн дацан”-гийн үндэсний бичгийн сургалтад хэрэглэж байсан хутагтын зохиосон тэргүүн цагаан толгойг хос дэвтэр болгон анх удаа хэвлэж олны хүртээл болгожээ.


Говийн Ноён хутагтын музейн үзмэрийн үндсэн бүртгэлийн 91-126, 91-127 бүртгэлийн дугаартай монгол бичгийн сурах бичиг, танин мэдэхүйн сурах бичиг нэртэй “Хүүхдийн дацан”-д хэрэглэж байсан долоон мөрөөр, хуудас болгонд эгшиг гийгүүлэгчийн аймаг болгон бичсэн, нимгэн цагаан муутуу цаасан дээр таван эгнээгээр монгол бичгээр бичсэн хоёр дэвтэр номыг анхлан хэвлэсэн нь “Үндэсний бичгийн III хөтөлбөр”-ийн хүрээнд хэн ч ашиглан суралцаж болох алхам болсон байна.


Үндэсний монгол бичгээ сурах нь монгол хүний заавал эзэмших боловсрол хэмээн үзэж энэхүү цагаан толгойг заадаг байжээ. Сурах бичгээ ноён Хутагт өөрөө зохиож хичээлийг эрдэм билигт, номтой хүмүүсээр заалгаж байсан аж. Ноён хутагт "Хүүхдийн дацан" нэрт намтрын сургуулийг 1828 онд цогцлоон байгуулж, хүүхдүүд болоод иргэдэд эрдэм ном сургаж байв.


Хутагтын “Хүүхдийн дацан” нэрт намтрын сургууль нь олон талын мэдлэг боловсрол олгож байсны нэгэн чухал зүйл нь үндэсний бичгээ заах, монгол аж төрөх ёсны мэдлэгийг өгч байсан аж. Энэхүү бүтээлийг Монгол Улсад анх удаагаа хэвлэсэнбөгөөд үндэсний бичгээ сурах сонирхолтой хүн бүхний мэдлэгийн санг бататгахад хувь нэмрээ оруулах боломжтой юм.



相关新闻