ДОРНОГОВЬ: "Үлэмжийн чанар" яруу найргийн наадамд яруу найрагч П.Нямлхагва түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-09-23 16:44:10

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвтэй хамтран “Тэнгэрийн хутагт” фестивалийн хүрээнд "Үлэмжийн чанар" яруу найргийн наадмыг энэ сарын 20-нд анх удаа зохион байгууллаа.


Тус наадамд 30 яруу найрагч шүлгээ уншсанаас тэргүүн байрт Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч П.Нямлхагва, дэд байрт яруу найрагч Б.Чулуунцэцэг шалгарсан бол гутгаар байрт “Болор цомын эзэн” яруу найрагч Н.Гантулга, тусгай байрт “Болор цомын эзэн” яруу найрагч С.Начин, яруу найрагч Э.Гантулга нар шалгарчээ.


Харин тус наадамд төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н. Жанцанноров уригдсан бол төрийн соёрхолт, МУСГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар, МУСГЗ, яруу найрагч Магваны Эрдэнэбат, Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч Бидэрийн Баярсайхан зэрэг яруу найрагчид мялаалгын шүлэг уншив.


Ташрамд, Ноён хутагт Лувсанданзанравжаагийн бүтээн байгуулж байсан их Өвгөн суваргын тайзнаа болсон яруу найргийн наадмыг ноён хутагтын үлдээсэн бичиг соёлын өвийг түгээн дэлгэрүүлж сурталчлан таниулах, яруу найргийн яруу тансаг хэл аялгуу, гоо сайхныг олон түмэнд мэдрүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулсан нь онцлогтой болжээ.Яруу найргийн наадмыг утга зохиол судлаач доктор А.Мөнх-Оргил, Э.Батжавхлан болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ш.Энхбаяр нар шүүн тунгаасан байна.






相关新闻