ЗАВХАН: Шагайн тойром тэмцээнээр монгол өв уламжлалаа таниулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-28 11:17:26

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Сантмаргаз суманд шагайн тойром тэмцээн болж шилдгүүдээ тодруулжээ.


Боловсролын салбарын тэргүүний ажилтан, Сантмаргаз сумын Засаг дарга асан Агвааны Жанцанбазар агсны нэрэмжит монголын уламжлалт шагайн тойром тэмцээнийг тус суманд жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.


Тойргийн бүсийн сумдын шагайчид оролцдогоороо онцлог, өрсөлдөөн ихтэй ч болдог. Энэ жилийн тэмцээний шагайн багийн харвааны төрөлд Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Сонгино, Цэцэн-Уул зэрэг бүсийн 5 сумын баг тамирчид ирж өрсөлдсөн байна. Мөн тэмцээнд Сантмаргаз сумын ерөнхий боловсролын сургуулийн 1-12-р ангийн 250 сурагч, 160 гаруй насанд хүрэгчид оролцож нийт 21 төрлөөр 87 багц медалийн төлөө өрсөлдлөө.


Дэлхийд ганцхан үндэсний наадгай болох шагайн тойром шагайн харваа нь Монгол оронд эрт дээр үеэс үүсэж хөгжин өнөө цаг үед ирсэн. Завхан аймаг бол монгол наадгай “Шагай харваа”-ны өлгий нутаг юм.


Энэ уламжлалыг хэвээр нь хадгалах цаашид өргөжүүлэн хөгжүүлэх ялангуяа хүүхэд залуучуудад шагайн наадгайн өв соёлыг таниулах нь чухал юм. Нүүдэлчин соёлтой монгол зон олон таван хошуу малынхаа шагайгаар эртнээс нааш тоглон, наадаж ирсэн. Шагайгаар алаг мэлхий өрөх, морь уралдуулах, тэмээ уралдуулах, шагай няслах, дөрвөн бэрх орхих зэрэг олон арван төрлөөр нааддаг. Түүнчлэн шагайгаар азаа үзэх болон мэргэ төлөг ч хийдэг уламжлал бий.


Мөн шагайн харваа нь Монголын уламжлалт спортын төрлийн нэг юм. Тиймээс энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгож зохион байгуулж байна. Энэ жилийн тэмцээний бага, дунд, ахлах ангийн хүүхдүүд морь уралдах, шагай таах, шагай няслах, шагай шүүрэх төрлөөр өрсөлдсөн байна. Бага ангийн морь уралдах төрөлд Сантмаргаз сумын ерөнхий боловсролын сургуулийн 5а ангийн сурагч Э.Энх-Амар, 5б ангийн сурагч Б.даваабаатар нар түрүүлжээ.


Шагай таах төрөлд 5а ангийн сурагч Х.Батманлай, 5б ангийн сурагч Б.Есөнболор, шагай няслах төрөлд 5 а ангийн сурагч Б.Баасанжаргал, 5б ангийн сурагч Ч.Ананд нар тэргүүлжээ. Дунд ахлах ангийн хүүхдүүдээс морь уралдах төрөлд 8а ангийн сурагч Б.Бямбадэлгэр, 9а ангийн сурагч Т.Батдэлгэр, шагай таах төрөлд 10а ангийн сурагч М.Энхмөнх, 9а ангийн сурагч Б.Бямба-Отгон, шагай няслах төрөлд 10а ангийн сурагч Б.Ууганбаяр, 12а ангийн сурагч Н.Баянбат, шагай шүүрэх төрөлд 9а ангийн сурагч Р.Очирхуяг, 12а ангийн сурагч А.Уртнасан нар тус тус тэргүүлж медаль, мөнгөн шагналын эзэд болжээ.


Насанд хүрэгчдийн шагайн багийн харваанд П.Ёндонпэрэнлэй ахлагчтай Сантмаргаз сумын “Хоёр Маргаз” баг, Сонгино сумын М.Энхжин ахлагчтай “Эзэн мэргэн” баг, Сантмаргаз сумын аймгийн гарамгай мэргэн Д.Ренчинванжил ахлагчтай баг, П.Дэмүүл-Арслан ахлагчтай багууд эхний байруудыг эзэлжээ. Сартуул харвааны төрөлд П.Ёндонпэрэнлэй, Д.Баянтөр нар тэргүүлж, удаах байруудад С.Бямбадорж, Ө.Ганзориг, П.Цогтгэрэл, Д.Содномцэрэн нар удаалжээ.


Арван гурван бэрх төрөлд тэргүүн байрыг Ж.Ганчимэг, удаах байруудад Г.Долгор, И.Сарангэрэл, шагай шүүрэх төрөлд тэргүүн байрыг Г.Бямбацогт тэргүүлж Ж.Сонинчимэг, Г.Дамбийням нар удаалжээ. Насанд хүрэгчдийн шагай няслах төрөлд тэргүүн байрыг Ё.Мэндбаяр, удаах байрыг М.Бямбасүрэн, Ж.Цэрэндэжид нар тус тус эзэлж медаль мөнгөн шагналын эзэд болжээ. Тэмцээн өрсөлдөөн ихтэй, үзэгчдэд шагайн тойром тэмцээн, шагайн наадгайн төрлүүдийг таниулж сурталчилсан үйл ажиллагаа боллоо хэмээн Сантмаргаз сумын ЗДТГ-аас мэдээлэв.  


Сонирхуулахад, шагайн дөрвөн талаар хонь, ямаа, морь, тэмээг төлөөлүүлдэг ба онх буувал үхэр буулаа хэмээн хэлцдэг. Шагай няслах тоглоомоор нэг хүүхэд ч гэсэн тоглож болдгоороо онцлогтой. Энэ нь олон шагайг ширдэг дээр цацаж ижил дүрсийг хооронд нь хонийг хониор, морийг мориор нь няслахдаа гурав дахь шагайг шүргэх төдийд дараагийн хүн нясалдаг.


Ингэж няслахдаа өөр шагай оновол нэг шагай буцааж тавьдаг. Шагайг мөн өргөн вандан дээр өрөөд тусгай суман дээрээ няслаж тоглох ч бас бий. Шагай няслах нь зөвхөн хэсгийг нөгөөгөөр онохоос гадна бөөн шагайг хооронд нь няслаж авсаар эцэст нь олон янзын байрлалаас нясалдаг. Ингэж няслахыг Завханы говийн бүсийн сумуудад нясамдах, нясанцах, харвах гэж нэрлэдэг байна.

Шагайн тойром тэмцээний шилдгүүд

Шагайн тойромд бүх насныхан оролцсоноороо энэ жилийн тэмцээн онцлог болов 

相关新闻