Улсын драмын эрдмийн театрыг Сүхбаатарын одонгоор шагналаа
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УДЭТ-ыг 85 жилийн ойг нь тохиолдуулан Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй шагналыг гардуулах үеэр хэлсэн үгэндээ "Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой, Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгч зарлиг гарган Д.Нацагдоржийн нэрэмжит, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Улсын драмын эрдмийн театрыг Сүхбаатарын одонгоор шагнаж байна" гэлээ.
Тэрбээр цааш нь, "Дэлхийн сонгодгууд болон үндэсний шилдгүүдээс амилсан олон сайхан бүтээл Монголын драмын урлагийн өнгө төрх, нүүр царай болон мөнхөрсөн билээ. Анхдагчдын тавьсан зөв суурин дээр дараа дараагийн үе өсөн өндийж, бүтээн туурвисаар драмын урлаг 85 нас хүрчээ.
Цаг үеийн ямар ч нөхцөлд оюун санаа, гоо сайхны хэмжүүр, мэргэжлийн шалгуур, ёсзүйн босгыг тогтоож, соён гэгээрүүлэгч үүргээ Монголын драмын урлагийнхан умартаагүй юм. Монголын драмын урлагийн түүх бол манай улсын шинэ цагийн хөгжлийн түүх юм. Энэхүү түүхийг бичиж, ард түмний оюун сэтгэлгээд хувьсгал авчирсан үе үеийн уран бүтээлчдэд гүн талархал илэрхийлье.
Угтан ирэх он жилүүдийн уртад Монголын драмын урлаг ямагт соён гэгээрүүлэгч байж, алтан үеийнхний дархалсан алдар сууг хадгалж, улс орон, ард түмнийхээ төлөө ихийг хийж бүтээхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье” гэв.
Б.Туул