СҮХБААТАР: Анхны пионерын удирдагч багш Б.Махгал 95 настай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-10-01 17:23:13

Баруун-Урт, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Сүхбаатар аймгийн хамгийн анхны пионерын удирдагч багш Б.Махгалыг онцолж байна. Тэрбээр өдгөө 95 настай ч сонсгол муудсаныг эс тооцвол ухаан цэлмэг, үг яриа тод хэвээр.

 

Сүхбаатарынхан түүнийг Б.Махгал багш гэж одоо ч хүндэтгэн авгайлдаг. Учир нь 1953 оны Улсын багшийн их сургуулийн анхны төгсөгч бөгөөд тухайн үед ар монголын 90, өвөр монголын гурав нийт 93 багш бэлтгэгдэж байсны нэг нь юм. Ингээд хуучнаар Хонгор сумын сургуульд мөн л анхны багш нарын нэг болж ажлын гараагаа эхлүүлсэн байна.

 

Би анхны 93 багшийн нэг гэдгээрээ бахархдаг. Их сургуулиа төгсөөд ажил дээр гараад удаахгүй байхдаа тухайн үеийн Гэгээрлийн сайдын тушаалаар 21 настай залуухан багш пионерын удирдагчаар томилогдож байлаа. Наймдугаар сарын 1-нд томилогдоод хоёр сарын дотор пионерын танхим болон шугам жагсаалыг анх удаа зохион байгуулж байлаа. Шугам жагсаал нь 11 бүлэгтэй. Нэг бүлэг нь таван салаатай. Их л нүсэр жагсаал болдог байсан юм. Ингээд миний араас хэд хэдэн пионерын удирдагч багш нар бэлтгэгдсэн. Гар нийлж ажиллаж байсан багш нараас минь гарын таван хуруунд хүрэхгүй хүн л үлдсэн байна гэж Б.Махгал дурсан ярилаа.

 

Б.Махгал түүхийн багш мэргэжилтэй ч тухайн үедээ багш дутагдалтай байсан учир монгол хэлний хичээл давхар заадаг байжээ. Түүний удирдлага дор сурч, боловсорсон мянга мянган шавь нь бий. Сурагчидтайгаа багш гэхээс илүү аав, ах шиг нь ойр дотно байж ёжилсон үг хэллэгээр зэмлэж, ухааруулдаг байсан гэдгийг нь одоо ч шавь нар нь дурсдаг.

 

Тэрбээр одоо Халзан сумандаа үр хүүхэд, ач зээ нарын хамтаар амьдарч байна. Нутаг усаар нь очсон хүн бүр түүнийг зорьж өнгөрснийг дурсан ярьж, ирээдүйг ч зааж зөвлөлдөнө.

 

Өдгөө нэгэн зуун насыг дөхөж яваа ахмад сэхээтэн хүүхэд залуустаа хандан, нийгмийн хөгжил гэдэг үргэлж л урагш давшилж байдаг юм болохоор үүнтэйгээ хөл нийлүүлж, улс орныхоо төлөө өөрийнхөө мэдлэг боловсрл, авьяас чадвараа дайчлах хэрэгтэй. Боловсрол гэдэг хамгийн чухал. Гол нь өөрөө өөрийнхөө эзэмшсэн мэдлэг боловсролыг ямагт дээшлүүлж, хөгжүүлж буцаагаад түүнийгээ нийгэмдээ түгээх хэрэгтэй гэдгийг аминчлан захиж байв. 

相关新闻