СҮХБААТАР: Засаг дарга М.Идэрбат тэргүүтэй төлөөлөгчид Ляонин мужид ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Энэ онд БНХАУ-ын Ляонин муж болон Сүхбаатар аймаг хооронд найрсаг харилцаа тогтоосны 10
жилийн ой тохиож байна.
БНХАУ-ын Ляонин мужийн намын хорооны дарга болон мужийн захирагчийн урилгаар аймгийн Засаг дарга М.Идэрбат Ляонин олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны зургаа дахь яармагт 20 орчим төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй оролцож мөн тус мужтай танилцаж байна.
Энэ хүрээнд БНХАУ-ын Ляонин мужийн улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Жоу Бо болон Ляонин мужийн дэд захирагч Шань И нар аймгийн Засаг дарга М.Идэрбат болон зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар аймгийн Засаг дарга М.Идэрбат Сүхбаатар аймгийн онцлог, давуу тал, бизнес эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийн талаар олон улсын зочид төлөөлөгчдөд танилцуулж, талууд хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлж, үр дүнтэй ажиллах боломж бүрдсэн талаар тодотголоо. Энэ үеэр хоёр талын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах төслүүдээ танилцуулж, хамтын гэрээ байгуулжээ.