“Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 80 жилийн ой, “Дэлхийн хүнсний өдөр”-ийг Монголд тэмдэглэлээ.
НҮБ-аас 2025 оны “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор тэмдэглэхээ зарласан юм. Тэгвэл эл өдрийг угтан эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулжээ. Энэ үеэр НҮБ-ын ХХААБ-аас хамтран хэрэгжүүлсэн ажлуудын бодит үр дүн, ололт амжилтыг онцлон танилцуулахаас гадна Бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалд ухаалаг дасан зохицсон мал аж ахуй, газар тариалангийн менежмент, өртөг шингээсэн хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, шинэ технологи болон инновацыг нэвтрүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, болон хөдөө аж ахуйн салбарт цахим шилжилтийг дэмжих зэргийг онцлов.
Түүнчлэн
“Дэлхийн хүнсний өдөр”-ийг угтан хүүхэд, залуус, оюутан, залуу судлаачидын дунд
зохион байгуулсан “Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” сэдэвт
эсээ бичлэг, Хүнсний аюулгүй байдал-Стандарт эрдэм шинжилгээний бүтээлийн болон
“Хүнс, хөдөө аж ахуйн өв соёл-Залуусын нүдээр” богино дүрс бичлэгийн уралдаанд шалгарсан шилдгүүдийг зарлалаа.
Канадын Квебек хотноо 1945 оны аравдугаар сарын 16-ны өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагыг албан ёсоор байгуулсан бөгөөд гол зорилго нь өлсгөлөнтэй тэмцэх, хүнсний баталгаат байдлыг хангах, шим тэжээлийг сайжруулах чиглэлээр дэлхий нийтийн хүчин чармайлтыг удирдан чиглүүлэх явдал байжээ.