ЗАВХАН: Бетон зуурмагийн бүрэн автомат үйлдвэртэй болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Завхан аймагт бетон зуурмагийн бүрэн автомат үйлдвэр ашиглалтад оржээ.
Үйлдвэрийг "Загасан нүд Загастай" ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулжээ.
Үйлдвэр нь цагт 130 тонн хайрга дайрга, цагт 60 мкуб бетон зуурмагийг үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Энэхүү аж ахуйн нэгж нь аймгийн анхны албан ёсны буюу А зөвшөөрөлтэй хайрга, дайрганы үйлдвэр болж байна. Учир нь тус аймагт албан ёсны зөвшөөрөлтэй хайрга дайрганы үйлдвэр байхгүй байсан. Зуны хэдхэн сар барилгын томоохон бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй явуулахад хүндрэлтэй. Байгаа үйлдвэрүүд нь албан ёсны зөвшөөрөлгүй учраас байнга хэл ам дагуулдаг байсан.
А зөвшөөрөлтэй бүрэн автомат үйлдвэр ашиглалтад орсноор стандартын шаардлага хангасан хайрга, дайрга, элс, бетон зуурмаг тасралтгүй хангагдаж, чанартай барилга байгууламжийг барих нөхцөл бүрдэх юм. Иргэд, аж ахуйн нэгжүүд ч албан ёсны зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс хайрга дайрга, бетоноо авч барилгын үйлдвэрлэлийг явуулдаг болох нь чухал юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.