MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Валлетта хамгийн үзэсгэлэнтэй нийслэлээр тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-10-13 12:52:36

БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 13 /BILD/.  “Condé Nast Traveller” сэтгүүл дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нийслэлээр Мальта улсын нийслэл Валлетта хотыг  нэрлэжээ.


Энэхүү жижигхэн хот нь “Readers’ Choice Awards 2025” жагсаалтын тэргүүн байрт шалгарч, Парис, Афин, Лиссабон зэрэг аялал жуулчлалын томоохон хотуудыг ардаа орхижээ. Санал асуулгад 182 мянга гаруй уншигч оролцож, соёл, хоол хүнс, зочломтгой байдал зэрэг шалгуураар хотуудыг үнэлсэн байна. 


Валлетта хот 100 онооноос 97.33 авснаар Европын аялал жуулчлалын шилдэг чиглэл төдийгүй дэлхийн өнцөг булан бүрийн жуулчдыг татдаг гол хот болохоо баталжээ. Мальтагийн аялал жуулчлалын сайд Ян Борг хэлэхдээ, “Энэхүү шагнал нь жуулчид манай соёлын өв, мальтачуудын зочломтгой занг өндрөөр үнэлж байгааг илтгэж байна” гэжээ.


Нэг хавтгай дөрвөлжин километр хүрэхгүй газар нутагтай энэхүү хот нь жинхэнэ задгай музей мэт бөгөөд барокко хэв маягийн орднууд, эртний цайз хэрэм, сүм хийдүүд, мөн нарийн гудамжуудаараа гайхагддаг. Валлеттаг XVI зуунд Мальтагийн рыцариуд байгуулсан бөгөөд 1980 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэжээ.

相关新闻