Мянга мянган арлан уулсын орноор
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад аялсан тэмдэглэл
Нэг. Азийн шилдэг нисэх буудалд
Модон могой жилийн намрын дунд, хөхөгчин тахиа сарын шинийн гурваны лхагва гаргийн их үд буюу морин цаг шувтрахаас өмнөхөн бидний суусан, өмнөд солонгос улсын “Кореан айр” компанийн айробус агаарын хөлөг “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас дорно зүгт аажуухан хөөрлөө. Төд удалгүй арваад мянган метрийн өндрийг эзэлж, огторгуйн гүн хөх цээлд умбан жигдхэн хэмнэлээр шунгинаж, үзэгдэх бараагүй, үүлэн тоост тэнгэрийн замаа эвхэж эхэлвэй. 104 жилийн түүхтэй Монголын Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын мэдээллийн ВНА агентлаг хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу, жил бүр сэтгүүлчдээ солилцон аялуулж, юм үзүүлж нүд тайлуулдаг. Энэ удаад манай агентлагийн Контентын албаны орчуулагч мэргэжилтэн Л.Буянаа бид хоёр тус улсад зочилж аялахаар ийнхүү эх орныхоо намар ид дундын нарлаг тогтуухан өдрийн жин үдэд агаарын хөлгийн бүхээгт орж, урьдчилан захиалсан суудалдаа тухлав. Хөлөгт зорчиж буй хүмүүсийг цухас тойруулан ажвал их төлөв солонгос иргэд байх агаад тэд монголын тал нутагт намрын сайхан цагаар ирж, хөдөө гадаа аялж нүд хужирлаад буцаж буй нь илт авай.
Бидний зорчсон энэ аялал БНСУ-ын баруун эргийн боомт Инчеон арал дахь олон улсын нисэх онгоцны буудалд хүрээд газардах учиртай бөгөөд тэндээсээ Инчеон-Ханой чиглэлийн нислэгт сэлгэн сууснаар өдөртөө багтаж, зорьсон улсынхаа нийслэл Ханой хотод хөл тавьсан байхаар албан байгууллага маань олон хоногийн өмнөөс нислэгийн тасалбарыг захиалж, ВНА агентлагийн гадаад харилцааны албатай харилцан тохиролцож, жин тан болгосон ажээ.
Хоёр цаг гаруйхан болоод “Манай онгоц
удахгүй Инчеоны олон улсын нисэх буудалд газардах гэж байна” хэмээн хөлгийн
бүхээгт солонгос, монгол хэлээр дуун цацралаар ээлж дараагаар зарлаж эхлэв. Ташрамд
дурдахад, Улаанбаатараас Инчеон хүрэх нисэх онгоц эх орны зүүн өмнөд хилийг
давж, Номхон далайн умард хөвөө Бэхайн боомт буюу Тяньжин хотын усан боомтын
чанх дээгүүр гарч, БНХАУ-ын далай эргийн Далян хотын дээгүүр аялаад зорьсон
газраа хүрдэг ажээ. “Айробус-333” хэмээх энэ агаарын хөлөг бол цагт найман зуун
далан есөн км замыг туулах хүчин чадалтай, үлэмж хурдан бөгөөд олны ярьдагчлан
“Нисэх орж хүнээ гаргаж өгсөн хүн эргээд хотын төв орж, эсвэл гэртээ харьж
амжаагүй түгжирч явах хооронд түрүүн онгоцонд суусан хүн нь солонгост буучихлаа
хэмээн ярьж байдаг” тухай сонссон минь бодит байдалд тун ортой гэдгийг энэ өдөр
өөрийн биеэр үзэж нэг мэдэв. Инчеоны олон улсын нисэх буудалд биднийг
газардахад тэнгэр бүүдгэр, гадаа тийм ч их халуунгүй байна уу гэлтэй, басхүү
зөөлөн бороо зүсэрч байгаа нь зорчих хоолойн цонхон цаанаас анзаарагдана.
Буудлын нислэгийн талбай дээр нь “Кореан Айр” компанийн хаяг шошготой онгоц
олноор зөрөлдөж харагдана.
Энэ ташрамд, аяны урт замыг товчлогч
жигүүрт хөлгийн их өртөө болсон Инчеоны олон улсын нисэх буудлын тухайд цухас
боловч мэдээллийг шигтгэе. Хоёр терминалтай тус олон улсын нисэх буудал 2001
оноос үүд хаалгаа нээсэн бөгөөд тансаг зэрэглэлийн орчин, дэлхийн шилдэг
брэндийн нэрийн дэлгүүрүүд, хоолны өргөн сонголт зэрэг үзүүлэлтүүдээрээ,
Английн “Skytrax” хэмээх,
олон улсын агаарын тээврийн зөвлөх, үнэлгээний компаниас явуулсан судалгаагаар
Азийн шилдэг арван нисэх буудлын жагсаалтад сүүлийн хоёр жил даралан аман
хүзүүдсэн үзүүлэлттэй явдаг байна.
Бид нисэх буудлын дугуй хэлбэрийн асар том зорчих танхимаар нь тойрон аялж, дараагийн нислэгийн тийз шалгах гарцад хүрэхийн тулд нэлээд хэдэн минут зарцуулсан бөгөөд үйлчилгээний танхимуудын гял цал цэвэр цэмцгэр орчин, түүнчлэн амарч тухлахад зориулсан танхимын гар утас автоматаар цэнэглэх төхөөрөмж бүхий сандал суудлаас нь өгсүүлээд музей, театр зэргийг ч буудлын дотор зэхэж, иж бүрэн үйлчилгээний соёлын түвшнийг буй болгосныг нь анзаарч явлаа.
Хоёр. Мотоциклчдийн хотод
Инчеоны олон улсын нисэх буудалд хөлхөх олны дунд, тус буудлаар жилд зорчдог дөчин хоёр сая шахам жуулчны нь нэгээхэн эд эс болж монголын хоёр сэтгүүлч бээр утсаа цэнэглэх, цонхоор ганц хоёр зураг дарах, дэлхийд алдартай олон нэрийн шарз голдуухан сархдыг их төлөв олноор худалдах татваргүй бүсийн дэлгүүрүүдээр нь явж үнэ ханш сонирхох зэргээр хоёр цаг шахам аяншил тайлан тухлаад Инчеон-Ханой чиглэлийн “Бойнг” онгоцонд сэлгэн суулаа. Түрүүчийнхээс бүр ч хүчирхэг үзүүлэлттэй энэхүү агаарын хөлөг илүү алс буюу гурван мянга хол давсан км тэнгэрийн замыг гурван цаг гаруйхан хугацаанд туулдаг байна.
Монголын цагаар 23 цаг болж байхад Вьетнам улсын нийслэл Ханой хотын Ной Бай олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Онгоц газардах агшинд гаднах агаарын температур гучин хэмийг зааж байв. Тус улсын цаг тоолол Улаанбаатарынхаас нэг цагийн зөрүүтэй бөгөөд манайхаас нэг цагаар хоцорч явдаг гэсэн үг. Угтах танхимд хөлхөх олны дундаас биднийг олж хараад, нэрийг минь монголоор ялимгүй эв хавгүйхэн хэлээд ойртож ирсэн вьетнам залууг Донг Ле Хүй гэх бөгөөд ВНА агентлагийн Редакцийн нарийн бичгийн дарга нарын газрын болоод Гадаад харилцааны хэлтсийн дэд редакторын алба хашдаг ажээ. Тэрбээр англи, орос хэлээр ярьдаг байна. Хөтчийн хамт мөнхүү Ной Бай нисэх буудлын зоогийн газарт оройн хоол идсэний дараа бид Ханой хотын төвийг зорин хөдлөв. Үүний өмнөхөн нь сэтгүүлч, орчуулагч Л.Буянаа маань тус улсад тав хоногийн турш хэрэглэх сим карт худалдан авсан нь арван ам доллар буюу вьетнам мөнгөөр 250 мянган донг болж байх ажээ. Энэ цаг үед монголын нэг төгрөг тэдний долоо найм орчим донг буюу үндэсний мөнгөн тэмдэгттэй тэнцэж байгаа бололтой. Нисэх буудал Ханой хотоос 35 км зайтай бөгөөд дөч орчим минут явж хүрдэг байна.
Ажил үүрэг нэгт ВНА агентлагийн нөхөд бээр Ханой хотын төвийн “Ханой” хэмээх таван одтой тохилог зочид буудалд биднийг тухлуулсан бөгөөд маргааш өглөө нь шуудхан аяллын албан хөтөлбөрөө эхэлж, тус агентлагийн есөн давхар өндөр, өнгөлөг цагаан ордны үүдэнд дөрөө мулталлаа. ВНА агентлагийнхан бидэнд “Түүхэн уламжлалын танхим”-аа сонирхуулахаар хөтөлбөрт тусгажээ. 1945 онд байгуулагдсан тус улсын төрийн мэдлийн ВНА агентлаг энэ онд үүсэл хөгжлийнхөө найман арваны түүхийг дүүргэн тэрлэж, өнгөрсөн хугацааны бүх ололт амжилт, хөгжил дэвшлийн замналаа энэ танхимдаа он дарааллын дагуу, тэгэхдээ их төлөв гэрэл зургийн өгүүлэмжээр тоймлон харуулжээ. Үүнд, дайны хүнд жилүүдэд тус улсын ард түмний болоод мэдээллийн агентлагийн туулж өнгөрүүлсэн зовлон зүдгүүр, тэдэнд тохиолдсон бахархууштай болоод харамсалтай үйл явдлуудыг гэрчилсэн түүхэн гэрэл зургийн цомог хүндтэй байр эзэлдэг ажгуу. ВНА агентлагийн сэтгүүлч уран бүтээлчид дайны бэрх цагт ч, энхийн бүтээн байгуулалтын үед ч эх орондоо болон гадаад ертөнцөд мэдээ мэдээллийг шуурхай хүргэх үүргээ тасалдалгүй, нэр төртэй биелүүлж ирсэн хийгээд нийт 200 орчим сэтгүүлчээ дайны улмаас алдсан гунигт түүхтэй байна. Тэдний 90 орчмынх нь гэрэл зургийг эл танхимдаа байрлуулж, гэгээн дурсгал, гавьяат үйлсийг нь мөнхжүүлжээ.
Наян жилийн түүхтэй, БНСВУ-ын мэдээллийн ВНА агентлаг өнөөдөр 2000 гаруй сэтгүүлч, орчуулагч, хэвлэл мэдээллийн ажилтантайгаар ажил үйлсээ үргэлжлүүлж, Өмнөд Америкийн Аргентин, Умард Америкийн Мексик, Куба, АНУ, Канад, Европ тивийн Англи, Франц, Бельги, Герман зэрэг долоон орон, мөн ОХУ, Африк тивийн Египет, Алжир, Өмнөд Африк, бас тив нэгт Энэтхэг, Израйл, Тайланд зэрэг 12 орон, Австрали улсуудад тус тус сэтгүүлч төлөөлөгчтэйгөөр мэдээллийн ертөнцөд түүчээлэгчдийн нэг болон ажилладаг байна. Мэдээллийн ай сав нь арван зургаан хэлийг хамардаг ажээ. ВНА, МОНЦАМЭ агентлагууд 2011 оноос хамтын ажиллагааны протокол байгуулж, жил бүр сэтгүүлчдээ харилцан солилцож ирсэн байна. Бид “Түүхэн уламжлалын танхим”-ынх нь зочдын дэвтэрт үндэсний монгол бичгээрээ сэтгэлийн үгээ талархан бичиж үлдээлээ. Босоо бичиг маань тус улсын үндэсний мэдээллийн агентлагийн түүхэн хуудсанд ийнхүү залагдлаа. Харин биднийг агентлагийн бусад үйл ажиллагаа, өрөө тасалгаагаар цухас ч болов оруулж танилцуулсангүй нь бага зэрэг гайхаш төрүүлж байв. Ингээд ВНА-гийн ордны босгон хэсэгт, бэлгэдэл хаягийнх нь хажууд зургаа авхуулаад гадагш гарав.
Мөн тэндээс бидэнд үйлчилсэн унаа япон улсын туулах чадал сайт жийп машинаас түм түжигнэсэн Ханойн гудамжнаа яарамгүй зорчих хэсэг нь сонгож тухалдаг байх гэмээр “дугуйт сүйх” болон хувирсан юм. Л.Буянаа бид хоёр, мөн хөтөч Хүй гурвуул нэжгээд тийм сүйх хөлөглөн гудамжаар аялав. Гадаа зөөлөн бороо үе үехэн намих тул сүйхийн жолооч, бидний гадуур нимгэн хөнгөн гялаан уут нөмөргөн норохоос сэргийллээ. Нэг зуу илүү сая хүн амтай тус улсын, долоон сая гаруй оршин суугчтай Ханой хотын гудамжууд дахь түм түжигнэсэн эгэл ахуйн бодит орчноос холын сэтгүүлч бидэнд бага ч гэсэн сонирхуулахаар бодож өдрийн хөтөлбөртөө үүнийг багтаасан болов уу. Энэхүү “дугуйт сүйх” хөлөглөсөн аялал багахан цагт боловч уйдахааргүй сонирхолтой байлаа. Дугуйт сүйхний урд талын зэрэгцээ хоёр дугуйн тушаа ганц хүн суух тухлаг суудал, түүний дээр бүхээг сүүдрэвч гаргасан байх агаад жолооч нь арын ганц дугуйн дээрх суудлаас сүйхээ аажуухан жийж зорчино. Үе үехэн хонхны дуу маягтай сигнал дуугаргаж сүрхий дохио өгнө.
Гудамжууд нэлээд хуучны хэв хэлбэртэй
байшингуудынхаа тал бүрээр, яаж учрыг нь олдог юм бол гэмээр ижилхэн, зай
завсар давчуухан, хүмүүс мухлаг дэлгүүрүүдийнхээ үүдэнд сууцгааж тавтай амрах, идэж
уух зэргээр айвуухан байцгаана. Тэдгээрийн дундуурх, мөн л нарийхандуу авто
замаар нь мотоцикл хөлөглөсөн үй олон хүн аажуухан, гэхдээ золтой л шүргэлцэхээ
алдан завсаргүй шахам зөрөлдөнө. Хааяа тун хүчтэй дуут дохио өгөх нь их яарч
яваагаа, эсвэл шүргэлцэх нь байна шүү гэж анхааруулсан хоёрын аль нэг болов уу
гэмээр. Авто замын хоёр талаар үе үе хэдэн арван мотоцикл жагсаан өрсөн байх нь
манайд одоо элбэгшсэн элдэв моторт дугуйтай үүрэг адил буюу. Бас дугуй унаж
яваа хүн бараг харсангүй. Энэ нь нийслэл Ханойн онцлог юм уу, эсвэл бүх орон
даяараа тийм үү гэдгийг олон удаа очиж, үзэж яваагүй тул хэлж мэдэхгүй юм. Залуус
нь мотоциклоо унаад, дээгүүрээ нимгэн футволк, дундуураа богино шуумаг,
доогуураа углаашхан өмсөөд тун хөнгөн зорчих ажээ. Энд, мотоциклтэй холбон
нэмэлт болгоход, тэдний унадаг мотоцикл нь Улаанбаатарын гудамжаар үе үе чихний
хэнгэрэг цоолчих алдан паржигнуулж, чөтгөрт хөөгдсөн мэт ухаан жолоогүй огцом хурдлан
айдас зовниц нэмж байдаг, чинээлэг айлын эрх жаалуудын өргөн дугуйтай пааргар унаанаас
онхи өөр, дуу чимээ нь ч аажуу намдуухан ажээ.
Ташрамд нэгэн зүйлийг тэмдэглэхэд, ганц удаа явж үзсэнийгээ ихэд тооцож, бусдын юм болгоныг дэмий өргөмжлөн, өөрийнхийг өөлөн муушааж, туйлширч байна гэж шүүмжлэхэд оройтох юун. Манай төр засгийн эрхэм дээдсүүд, жирийн иргэд ч гадаад явж юм үзэж нүд тайлах нь эдүгээ дэлгэр болсоон. Гадаад улсуудын бодлого хүн ардаа л ихэд бодож өргөн, тэднийхээ сайн сайхныг эрхэмлэх зарчмаар хөгжиж дэвжсэн нь үзвээс илт. Гэвч манайхан жаргалтай явж эгэж ирээд, өөрийн орныг өөд татах, бусдын тэрхүү сайн сайхны хэмжээнд хүргэх талаар санаа чилээж, хийж бүтээх нь тун маруухан билээ. Тиймээс миний энд дурдаж буй зарим сайн талын мэдээлэл бол монголоо тийм болгууштай гэсэн сануулга, сэнхрүүлэг, харьцуулал гэдгийг илүүтэй ухаж мэдрээсэй. Үүнийг бичигч урьд өмнө Вьетнам улсад очоогүй учраас өөрийн орны байдалтай л харьцуулаад байгаа юм. Бусдын сайн сайхныг зөвхөн үзээд, бичээд, уншигчид нь гүйлгэж хараад өнгөрөөд байх биш, тэднээс суралцан, улс орноо өөд татахад жаахан ч гэсэн нэмэр болгох гэсэн сэтгүүлчийн ажил үүрэгтээ, гагцхүү үнэнийг л танин мэдэх гэдэг уншигч олныхоо эрх ашигт захирагдахын учирт үүнийг өчлөө.
Ханойн гудамжинд түгжрээд гацчихсан
хөдөлгөөн гэгч юм нэг ч харагдсангүй. Хий магтаад байгаа хэрэг биш. Мотоциклтэй,
суудлын машинтай, явган, ачааны тэрэгтэй гээд түмэн олон хөлхөх атал замын
хөдөлгөөн нь зогсолтгүй урсаж, тэд хүрэх газартаа хүрч, зорьсон ажлаа бүтээж
байдаг бололтой. Энэ бол хэн хүнд анзаарагдамгүй боловч нэгэнт төлөвшиж тогтсон
соёл бололтой. Ачаалал багатай зам дээр, “яав”-тай залуус нь бүр нэг гараараа
төмөр хүлгээ жолоодож, нөгөө гараараа гар утсаа удирдаад гэлдэрч явах нь ч
тааралдана. Машин тэрэг ерөнхийдөө цөөвтөр байх ч манай Улаанбаатарын гудамжин
дахь шиг хэдэн зуун саяын том том жипнүүд, эсвэл харь гүрний хуучин гологдол
элдэв машин тэрэг чихэлдэж эзэн ноёдынхоо эрх мэдэл, хөрөнгө чинээг, эсвэл хэр
хэмжээгээрээ, шударга үнэнээр зүтгэж чармайн байж хөл дүүжлэх унаатай болсныг гэрчлэх
утга буурай уралдаан, сонирхол тэмцэл тэнд үгүй мэт. Тэд мотоциклээ эр эмгүй,
хөгшин хөвөөгүй, хүүхэд томгүй унаж байна. Зарим ээжүүд бага хүүхдээ өмнөө,
арай томыг нь ардаа суулгаад төмөр хүлгээ айвуухан жолоодож яваа харагдана.
Монгол хүн морио хэрхэн сургаж номхруулан аливаа бүхэндээ ашигладаг шиг вьетнам
хүмүүс төмөр хүлгээ яавал л яаж эдэлж хэрэглэн сурч дадсан байна.
Вьетнам бол халуун дулаан, басхүү амар жимэр орон юм. Биднийг сая тугаар зорчих үед зуны буюу борооны улирал нь үргэлжилж байсан мөртөл тийм ч их лүгхийм бүгчим, басхүү хувингаар цутгах мэт асгарах бороотой байсангүй. Монголчууд бид эх орныхоо дөрвөн улирлаар бахдаж гайхуулдаг. Гэхдээ өвөл, хавраа давах гэж малчин ард маань ч, хот сууриныхан ч зүдэж, бахарддаг билээ. Тэдэнд ч бас дулаан орны онцлог, өөрийн давуу тал байдаг бололтой. Хүмүүс нь тун тайван налгар анам. Тэд манайх шиг өвөлдөө бэлдэнэ, даарч хөрөхөөс айж адгана, түлээ түлш зэхнэ, утаа униарт дарлагдана, мөнгө санхүү их зарна гэх юу ч үгүй, амар амгалан юм байна. Хамгийн их хүйтрэхдээ нэмэх арван хэмд орно. Онцгой үзэгдэл тохиож гэмээнэ хаа нэг удаа тэг хэмтэй болдог ажгуу. Ийм аялаг дулаан орчин байнгын тул эр эм, хөгшин залуугүй мотоциклтэй л давхицгаах. Нэгэнт өвөл байхгүй тул цас мөс гэж үгүй. Цас мөсгүй учраас халтиргаа гулгаа гэж мэдэхгүй, басхүү цардмал зам нь овойж товойн хагарч эвдрэхгүй...
Зураг дээр. Зүүн гараас бидний хөтөч бөгөөд ВНА агентлагийн Гадаад харилцааны хэлтсийн дэд редактор Донг Ле Хүй, МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Л.Буянаа, ВНА агентлагийн дэд дарга, хатагтай Доан Тхи Тует Нүнг, МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Б.Элбэгзаяа, ВНА агентлагийн сэтгүүлч, орчуулагч, "Vietnam Pictorial" сэтгүүлийн редактор Чан Хонг Хань нар.
Энэ өдрийнхөө 18.00 цагт ВНА агентлагийн орлогч дарга, хатагтай Доан Тхи Тует Нүнг “Ханой” зочид буудалд биднийг хүлээн авч уулзаж, оройн зоог барилаа. Англи хэлний орчуулагчаар, “Vietnam Pictorial” сэтгүүлийн редактор Чан Хонг Хань хэмээх бүсгүй дагалдан ирсэн бөгөөд тэрбээр энэ зун, үндэсний баяр наадмын үеэр Монгол Улсад аялж, МОНЦАМЭ агентлагт сэтгүүлч солилцооны ээлжээр зочилсон хоёр сэтгүүлчийн нэг байлаа. Тиймээс манай агентлагийн сэтгүүлчдийн төлөөлөлтэй дахин уулзсандаа сэтгэл догдлонгуй байв. Дэд дарга Нүнг бидэнтэй найрсаг ярилцаж, харилцан сонирхсон сэдвээрээ асуулт асууж хариулт авцгаан, дурсгалын зураг авхуулж нэлээд хэдэн хором сууцгаалаа. Хоёр агентлагийн хамтын ажиллагааны гэрээний хугацаа дуусаад байгаа тул хугацаа алдахгүй сунгах, хамтын ажиллагаагаа улам л өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа хатагтай дарга хэлсэн юм. Бид Монгол Улсдаа цорын ганц, МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг, 33 жилийн түүхтэй “Хүмүүн бичиг” сониныхоо шинэ дугаарыг тэдэнд бэлэг болгон бариад, үдээс өмнө сонирхож үзсэн ВНА агентлагийн “Түүхэн уламжлалын танхим”-даа, хамтын ажиллагаатай агентлагуудаас барьсан бэлэг дурсгалын зүйлээс бүрдсэн үзмэр булан байгуулах, түүндээ эл сониныг байрлуулж олон түмэнд үзүүлж байх хүсэлт тавьсныг Нүнг дарга ихэд таашаан хүлээж авснаар уулзалт өндөрлөсөн билээ.
Гурав. Луу тухалсан уулсын арал дээр
Энэ удаа биднийг Вьетнам улс хоёр хотдоо зочлуулсны эхнийх нь түрүүхэн дурдсан Ханой нийслэл, нөгөөх нь зүүн эргийн Ха Лонг хэмээх тэнгис далай хөвөөлсөн арлан уулсын үзэсгэлэн бүрдмэл боомт хот юм. Домогт өгүүлснээр, Ха Лонг нь “Луу буусан нутаг, луу далайд заларсан газар” хэмээх утгатай нэршил ажээ.
9-р сарын 26-ны өглөө бид хөтчийн
хамтаар Ханойгоос Ха Лонг хотыг зорьсон хурдны замд нийлэв. Үүний өмнө,
өчигдөрхөн ВНА агентлагийн дэд даргын сануулсанчлан вьетнамын ард түмний өглөөний
цай барих буюу кофены ёслолтой цухас танилцахаар Ханой хотын нэгэн дунд зэргийн
кофены мухлагаар орж үтэр үйлчлүүлээд хөдлөв. Вьетнам орон бол кофе ундаагаараа
дэлхийд алдартай улс юм. Тэд өглөө бүхэн, чанадаг кофегоо бэлтгэн хүртэж,
тавлаж тухлан сууцгааж, өдрийн ажлынхаа хүч эрчмийг нөөцөлдөг ажээ. Бидний
орсон газарт кофе чанагч машин хэд хэд байх бөгөөд дөрвөлжин нимгэн төмөр
саванд янз бүрийн кофег савлан үйлчлүүлэгчдээ хүлээн авдаг байна. Буянаа маань
кофе уудаггүй гэсэн тул хөтөч залуу, надад аяга кофе захиаллаа. Халуун, хүйтний
сонголттой гэсэн тул халууныг нь сонгов. Сонгосон халуун ундаа чихэрлэг,
өвөрмөц, өег амттай, дахиад хэсэгтээ нэмж уумааргүй хэмжээнд сэтгэл болоод бие
махбодыг цатгажээ.
Арав гаруй жилийн өмнө бүтээн байгуулсан хурдны замаар хоёр цаг орчим давхиад Ха лонг булан, Ха Лонг хотын зах руу орж ирлээ. Үдийн хоолны дараа шууд тус хотын музейг үзүүллээ. Гадаа нэлээд усархаг бороо нэг үе норгон, нөгөө үе татран шивэрнэм. Хотын музейн шинэвтэр том байгууламжид далайн амьтны, түүх угсаатны, цэрэг зэвсгийн, шувуудын, хөгжим урлагийн, нүүрсний уурхайн гэх мэт төрлөөр иж бүрэн танхимуудыг бэлтгэн дэглэж үзүүлсэн байна. Эдгээрийн дотроос далай тэнгисийн аварга том загас, бусад усны амьтны араг яс, эрвээхэй, могойн зэрэг элдэв олдворууд нь хуурай газрын бүс нутгийн бидэнд илүү сонирхолтой санагдсан.
Ха Лонг хотод бид мөн л тэнгэр баганадсан өндөр зочид буудлын 23 дугаар давхарт нь “залрав”. Миний байрласан өрөөний цонхон тал нь гүйдэг хаалгатай бөгөөд цаанаа бас шилэн цонх бүхий давхар тагттай байлаа. Тагтан дээрээс өмнө тийш харахад, тэртээ алсад Вьетнам улсын байгалийн үзэмжийн нэг чухал нэрийн хуудас болсон үзэсгэлэнт арлан уулс далайн эргийн усан мандалд дунд, манан будан дундаас сүүмэлзэн бараалах нь соньхон ажээ. Маргааш бид тийшээ зорино гэхээс, хэдэн сайхан зураг дарж авна гэхээс сэтгэл догдлонгуй болж байнам. Ха Лонг хотын дундуур урсах өргөн гол дээр барьсан өндөр гүүр хотоо өмнөд, хойд гэж хуваадаг байна. Хойд хот нь хүн ам сийрэг, хэсэг шинэ болоод өндөр зочид буудлын хотхоноос үндсэндээ бүрдэж буй мэт. Аялал жуулчлалын хот учраас сүүлхэн үес зочид буудлыг түлхүү барьж байгуулсан хийгээд заримыг нь одоо ч ид бүтээн босгож буй нь цөөнгүй байна. Хүн ам цөөн тул умард Ха Лонгоос түм түжигнэсэн дэлгүүр худалдааны төв бараг олохгүй бололтой.
Умард Ха Лонг хот 23 давхрын өндрөөс
Дараах өглөө нь хөтөч жолооч хоёр, биднийг зүүн тэнгисийн хөвөөн дэх усан замын өртөөн дээр авчирлаа. Энэ өдөр зочид нь усан онгоцоор аялах тул жолооч маань машинтайгаа эрэг дээр түр амрахаар үлдэж, хөтөч Хүй бид гурав нэгэн жижиг онгоц “хөлслөн” Номхойн далайн умард захын тэнгис рүү аажимхан урагшилж эхлэв. Гурван цаг аялна, өдрийн хоолоо усан онгоцон дээр иднэ гэж ярилаа. Манай онгоц “Донг А“ гэсэн бичигтэй, түүний хажууд гурван улаан таван хошууны дүрс бүхий таних тэмдэгтэй ажээ. Гучин минут орчим хөвөөд тэнгисийн дундах үзэсгэлэнт мод хадан нөмрөгтэй өвч ногоон арлан уулсын захад тулаад ирлээ. Онгоцны ахмад ч шалмаглан бууж, онгоцоо өнөөх гоёмсог уулын хормой ирмэг дээр, усны захтай таширлуулан сурмаг гэгч аргамжиж аваад хоцров. Бид хөтчийг даган, хөвөөн дээрх бэлэг дурсгалын жижиг дэлгүүр, хоолны газар сэлтийн хажуугаар өнгөрч, тусгайлан зассан гоёмсог чулуун шатаар өгсөж эхлэв. Энэ шат биднийг өнөөх үзэсгэлэнт арлан уулын дотоод бие рүү нэвтрэх агуйн аман дээр авчраад төгсвэй.
Уул дотроо бол бүхэлдээ хөндий, асар том агуй үүсгэн бат бөхөөр бүрэлдэн тогтжээ. Өндрийг нь багцаалдахад хориод давхар байшингийн дайны болов уу. Гадна талаасаа цахир хад, ногоон модон дунд нуугдах энэ уулын дотоод агуулга шохойн чулуу хэмээх бөгөөд байгаль эх түүний дотор биеийг өвч хөндийлөн, асар том харш агуйг үүтгэн цогцлоожээ. Агуйг хамгийн товчоор, үлгэрийн орон, лусын хааны харш гэхэд зохирох болов уу. Агуй-өргөөний энд тэнд өнгө бүрийн гэрэл асаасан нь үзэмж, тогтцыг улам тодолж өгсөн бөгөөд агуйн хэд хэдэн хэсэгт багана тулгуур болох чулуун лаав дээр дээрээсээ давхарласаар бат бэх тулгуур, хээ хуар мэт үе нугалаас үүсгэжээ. Басхүү баруун урд хэсэгтээ нарны гэрэл нэвт харагдсан цоорхой буюу салхивч “урлахаа” мартсангүй. Мөн 30 метр хэрийн өндөрт, гоёмсог хаш цагаан “тооно”-той ажээ. Энэ агуу том агуй хэд хэдэн тасалгаа, танхимтай бөгөөд тэдгээрийн дотор, аль нэг хэсэгт нь зогсож дээш өлийх, зураг дурсгалаа татуулах аянчин жуулчидтай харьцуулж ажигласнаар агуйн хана хэр зэргийн өндөр, дотоод эзлэхүүн талбай нь ямархан багтаамжтай болохыг сая бодитой төсөөлж чадах ажээ.
Ха Лонг хотын энэ үзэсгэлэнт булан тохойнууд энэ зэргийн уулан арлаар дүүрэн юм. Нэг мянга есөн зуун жаран есөн ийм арлан уулстай гэж бичсэн нь тохиолдож байсан. Тэдгээр уулан арлын зарим нь дотроо ийм хөндий агуйтай боловч энэхүү Тхиен Кунг агуй бол хамгийн алдартай, хамгийн үзэсгэлэнтэй нь бөгөөд орчуулбал “Тэнгэрийн ордон агуй” гэсэн шиг утгатай ажээ. Энэ агуйд вьетнамын ард түмэн түүхийн явцдаа эрсдэлтэй үед амь хоргодон өөрсдийгөө аварч, өрөөлтэй хориглон үхэн сэхэн байлдаж, эх орноо хөрш зэргэлдээх болон харийн булаан эзлэгчдээс хамгаалж авч гарсан түүхийн мөртэй ажээ. 13-р зуунд монголчуудын усан флотыг ч энэ буланд няцаасан түүх бас буй гэнэ билээ.
Бид агуй-уулнаас гарч ирээд, гаднах талбайд зуурхан саатаж амрангаа эл нутгийнхны таашаан хүртэх дуртай коконат хэмээх, хоёр гарынхаа алгаар атгаж барим жин, хэмжээ бүхий наргил модны самрынх нь шүүсийг ууж цангаа тайлангаа тэнгисийн эргийн ногоон туяат уснаа “хөлөө” дүрэн сэрүүцэх мэт донж маяг дэгжин өнөөх л мянга мянган босоо уулан арлын зах сэжүүрийг ажиглаж, зураг хөргөө таширлуулан авхуулж билээ.
Дараа нь усан онгоцондоо суун аажуухан хөдөлж, нар буруу эргэн, нэгэн том уулын буланг тойрч, дахин баруунш чиглээд далайн мандлаар хөвж эхлэв. Хажуу дэргэдүүр эгц босоо, өвч хад модон хүрэм хөдөрсөн үзэсгэлэнт уулс хараа булаан энд тэндгүй сүрлэг хөлөг онгоц хөвж явах мэт үзэгдэнэ. Тэдний завсар чөлөөгөөр чухам жинхэнэ усан онгоцууд бас сүлжилдэн, аянчид үзэж бахадна. Уулсын хажуу дэргэд аажим дөхөх, тулаад өнгөрөх, алслан холдох тохиол бүрийн тоогоор хэлбэр маяг нь үл давтагдах байдлаар урлагтайяа өөрчлөгдөн, нүд сэтгэл соронздох бөгөөд бидний унаа усан онгоц харин зогсолтгүй хөвөх тул тал бүр тийш алдалгүй ажиглаж анзаарах, зураг дүрсийг нь буулгах хүн цаг алдалгүй самбаачлах учиртай байнам. Миний хувьд усан онгоцны тэвшин дээр хоёр талд ээлжлэн хэдэн зураг дүрс буулгаж байтал камер маань гацаж, өнгө дүрсний тэнцвэр алдагдсан талтай. Тэр их хол нутгийн хараа сэтгэл татам байгаль өөрийн зарим гойд үзмэрийг “хуулуулахаас” түдгэлзэж байна уу даа хэмээлтэй...
Гэрэл зургуудыг Б.Элбэгзаяа
Нэг мэдвэл, Буянаа, хөтөч Хүй хоёр хашгиран, намайг эргэж хараад зураг дарахыг сануулав. Хоромхноо тэдний зүг хандвал, чанх цаана нь хөхөмдөг халиун хад, хүрэн улаан мод бүхий гоёмсог, дөрвөлжин босоо уулан арал долгиотон туналзах усан мандал дундаас манай хоёрын яг харалдаа гэнэт ургаад ирэв үү гэлтэй таширласан өвөрмөц агшин харагдлаа. Хэдийгээр камер маань миний санаснаар ажиллахгүй алдаж онох боловч яаравчлан хэдэн зураг буулгалаа. Энэ хоёр, вьетнам улсын нэгэн мөнгөн тэмдэгт гарган, хоёр талаас нь нэг нэгээр бариад зургаа авч өгөхийг хүссэн байлаа. Далай ээжийн, хөрст дэлхийн гайхалтай бүтээл, замаасаа гарч хоцорсон галт тэрэгний дөрвөлжин чингэлэг маягтай өвөрмөц ганган энэ уулаа тус улс хоёр зуун мянгатын үндэсний мөнгөн тэмдэгт дээрээ хүндэтгэн залсан байдаг.
Дараагийн гайхалтай үзмэр бол алдарт “хос тахиа” уулан арал юм. Камер сайн ажиллахгүйд урам хугарч, утсаа гарган бичлэг хийгээд явж байтал, мөн л санаандгүй байдлаар эр эм “тахиа”-тай таарчихсан. Онгоц зогсолтгүй явж байгаа учир их сайн бус өнцгөөс хоёр нэг зураг дарж амжив уу үгүй юү хос уулаас өнгөрч одвой. Дараа дахин, завтай тухтай, сайн камертай ирж үзэж баясахын зөн бэлгэ болог ээ.
Хуурай газар юмсан бол эдгээр арал нь хөглийсөн их ой модод байх сан. Гэтэл усан дээр ургасан ийм уулс байж байдаг. Энэ уулсын уг суурь нь бас хаанаа юм бол гэмээр. Уул бүхэн хэзээ ч давтагдахгүй бие даасан арал гэмээнэ чухам онох буй заа. Ха Лонг Бай бол арлан уулсын булан юм. Уулс бэлчсэн арал юм. Булан тэнгис дүүрэн дүүрэн арал юм аа. Энэ аяны явцад үзэж мэдсэн хамгийн сэтгэл татам газар бол маргад эрдэнийн усан дундаас ургасан мэт харагдах Ха Лонгийн энэ арлууд, түүний агуй байлаа. Тиймээс аяны тэмдэглэлээ ч үүгээр нэрлэсэн учиртай. Ха Лонг буланг эдүгээгээс 31 жилийн тэртээ, үзээд үзээд ханашгүй арлуудынх нь хамт, үлгэрийн орон гэж үнэхээр байдаг юм гэж итгүүлээд, бодитой баталгаа нь энэ гэж багачуул дүү нараа дагуулж авчраад үзүүлмээр, түрүүхэн бидний орж үзсэн асар том агуй харшийнх нь хамт, бүхэл цогцоор нь хүмүүн төрөлхтний соёлын үнэт өвөөр бүртгэн авч дархалсан ажээ.
Онгоц зүүншээ буцаж эргээд Ха Лонг боомтын эрэг өөд зүглэжээ. Гэхдээ өртөөнд хүрэх хараахан болоогүй. Хөтөч маань биднийг үдийн зоогоо барина уу хэмээн найрсгаар урихад сая сэхээ авч дээд давхраас бууж ирлээ. Найман ширээтэй, нэг ширээндээ зургаан хүн суух багтаамжтай энэ усан онгоц өөрөө гал тогоотой ажээ. Нэг аялахдаа тавин хүн хүлээн авах хүчин чадалтай гэсэн үг. Монголын хөдөөд холын жуулчинд морио унуулж замчилдаг бол Ха Лонгийн эрэгт усан далайн хөвөө сахин нутаглагчид том жижиг, хуучин шинэ, урт богино, ачааны болоод суудлын олон янзын усан онгоцоо хэдийнэ бэлтгэж сойсон, хаа газрын аянчин жуулчныг цаг ямагт хүлээн авахад бэлэн байцгаадаг мэт. Гэвч бас энэ амгалан арлынхныг хааяа түгшүүр авхуулдаг нэг айдас бас буй гэдэг. Тэр нь аварга халим гарч ирж үй олныг хуугаар нь залгих үлгэр домгийн тохиол уу. Арай биш юм. Далайн хар салхи үе үе дайрдаг нь... Маргааш Ханой руу буцна гэж байх үес Вьетнамд далайн шуурга болох сураг Ха Лонгод сонсдлоо. Бодвол хөтөч маань төвөөсөө мэдээ авч дамжуулсан биз ээ. Бурхан минь, гайгүй байгаасай. Ус далайтайгаа зах залгаа эл улсын уугуул суугуул иргэд ч бай, аялж амарч яваа бидний мэтийн алс холын зочин гийчдэд ч бай энэ таатай мэдээ биш гэдэг нь тодорхой. Үнэхээр, биднийг Улаанбаатарт буусны маргааш буюу есдүгээр сарын гучны өдөр Вьетнамд “Буалой” хэмээх далайн хар салхи болсон тухай мэдээ МОНЦАМЭ-гийн сүлжээнд орсон байлаа. Хар салхи дайран өнгөрсөн болон түүнээс үүдэлтэй үерийн улмаас тус улсад 19 хүн амь эрсдэж, 13 хүн сураггүй болж, 88 хүн гэмтэж бэртэн, 105 мянга гаруй байшингийн дээвэр хууларсан тухай харамсалтай мэдээг ВНА агентлаг шуурхай дамжуулжээ.
Ха Лонг боомтоос буцах өдрийн үдээс өмнө хөтөч маань зүүн тийш цаг шахам довтолгон, 65 км зайтай Куанг Нинь мужид хүрч, тэнгисийн эргийн умард хөвөөнөө төвлөсөн нэгэн буддын гоёмсог сүм хийдийг үзүүлэв. Энэ бол анхлан 13-р зууны үед байгуулагдсан Кай Бау Пагода хэмээх түүх соёлын дурсгалт газар ажээ. Гол шүтээн нь бурхан багш Шагжамуни, мөн Манзушир, Самандабадра зэрэг бодисадва нар залагджээ. Хийд умард талдаа тэр чигээрээ хөвч ногоон ой бүхий уулсаар хүрээлэгдсэн бол өмнөд талаараа далай эргийн байгальтай, наргил модод нь гарьд шувууны өд сөд лүгээ адил урт навчсаараа сэрүүцүүлэх мэт дэвүүрдэж, өчигдөрхөн бидний үзэж бахадсан өнөөх үзэсгэлэн төгөлдөр арлан уулууд энд ч бас үргэлжлэн, их усан далайн дундаа арслан заан мэт хөвөн хөглийж байх ажээ. Буддын шашныг өргөн шүтдэг тус улсын ард иргэд чимээ аниргүй нам гүмд, далайн эргийн үзэсгэлэн төгөлдөр орчинд амарч, сэтгэл оюунаа баясгахын тулд буддын энэ сүм хийдэд очих дуртай, мөнхүү жуулчдын хөл ч тасардаггүй бололтой.
Ханойд буцаж ирсний дараа, зөөлөн
бороон дундуур нийслэлийн төвийн ихэс дээдчүүдийн эртнээс төвлөн суурьшсан
болов уу гэмээр, барууны нөлөө нэлээд ихтэй баймаар гудамжнаа энэ өдөр авто
замын хөдөлгөөн хаасан учир явган алхалж, өргөн голын дагуу түүх дурсгалыын
зарим газрыг үзүүлж, эхний өдөр тодорхой шалтгаанаар амжаагүй хөтөлбөрөө хөтөч
маань гүйцээж санаа амрав бололтой. Энд бид Ханой хотын “Усан театр”-ыг үзэж
сонирхов. Өмнө нь монголын сэтгүүлчдэд бас саяхь үзмэрээ үзүүлж байсан удаатай
юм билээ. Ус... ус. Ус бол энэ ард түмний амьдрал түүх, соёл иргэншлийнх нь нэг
гол үндэс. Вьетнамын ард түмэн далай тэнгист ойр заяаж, түүнээ шүтэж тариа
будаагаа хэдэн сая тонноор нь хурааж, Ази тив болон бусад орон гүрэнд арилжин,
далайд гарцтай заяасан хувь тавилангийнхаа жинхэнэ эзэд болж чаджээ. Тиймээс
эндхийн хүүхэлдэйн урлаг нь хүртэл онцлогтой хөгжиж, усан тайзан дээр
хүүхэлдэйн үйл хөдөлгөөнөөр өөрсдийн үүх түүх, соёл ахуйн онцлогоо харуулж,
чадварлаг жүжигчид нь усан доороос дүрээ амилуулж, хүмүүний авхаалж чадварын
нэгээхэн шавхагдашгүй боломжийг илтэд мэдрүүлж заншсан байна. Усан театрыг
барууны болоод бусад орны үзэгчид, аянчин жуулчид зориуд ирж шимтэн үздэгийн
учир ийм мэт. Биднийг очих цагтай давхцан хөл хөдөлгөөн ч нэлээд арвин байлаа.
Ханой хотоос 35 орчим км зайтай, Вьетнам улсын хамгийн том Ной Бай нисэх онгоцны буудалд, дөрвөн өдрийн өмнө, үдэш дүллэх цагаар биднийг тосож авсан эрхэм хөтөч Хүй дүү маань мөн л тус буудлаас, үдшийн бүрий аванхайлах цагаар холын биднээ Инчеон хотын зүг алсын аянд үдэж мордуулаад гэртээ харихаар үлдлээ. Бид түүнд “Сайн байна уу, миний нэр..., баяртай, сайхан амраарай” гэх зэрэг төсөр зуурмын хэдэн үг монголоор хэлж өгсөн юм сан. Хэзээ нэгэн цагт, хичээнгүй хөтөч түүнтэйгээ, найрсаг харилцаат хоёр орныхоо хаа нэгтээ нь, ялангуяа бидний урьсанчлан монголынхоо уудам сайхан тал нутагт эх хэлээрээ мэндчилэн золговол хэчнээн сайхан билээ.
Б.Элбэгзаяа (МУСГЗ)
Инчеон-Ханой-Ха
Лонг Бай-Улаанбаатар. 2025 дугаар он, 10 дугаар сар