Алтны үнэ 4240 ам.доллароос давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-10-16 15:52:59

НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Алтны үнэ тав дахь өдрөө дараалан өсөж, пүрэв гарагт дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ. 


Дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг болох АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны зөрчил улам хурцадсан, мөн АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа түр зогсож, Холбооны нөөцийн сан аравдугаар сард болох хурлаараа бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан найдвартай активууд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна гэж “Reuters” агентлаг мэдээлжээ. 


Пүрэв гарагт алтны спот үнэ 0.6 хувиар өсөж, нэг унц нь 4233.06 ам.долларт хүрсэн бол өмнөх өдрийн арилжааны явцад 4241.77 ам.долларт хүрч өссөн байна.  


Харин 12 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 1.1 хувиар өсөж, нэг унц нь 4246.6 ам.доллар болжээ. 


Ирэх 11 дүгээр сарын 1-нээс эхлэн Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмж 100 хувийн татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдээд байгаа юм. Тэрбээр ийм шийдвэр гаргасан шалтгаанаа “Хятадын тал 11 дүгээр сарын 1-нээс эхлэн бараг бүх төрлийн бүтээгдэхүүндээ экспортын хатуу хяналт тавих гэж байгаатай холбоотой” хэмээн тайлбарлажээ.


Мөн АНУ-ын худалдааны төлөөлөгч Жеймисон Грир хэлэхдээ, хэрэв Хятад газрын ховор металлын экспортыг хязгаарлавал АНУ-тай байгуулсан одоогийн худалдааны хэлэлцээрүүдийг зөрчсөн алхам болно" гэж мэдэгдсэн байна. 


"АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп байр сууриа 180 хэмээр өөрчилж, үүнийг худалдааны дайн гэж нэрлэсэн нь алтны үнэд хүчтэй нөлөөлж байна" гэж OANDA-ийн ахлах шинжээч Кайл Родда хэллээ.


Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт (шатдаун) хоёр долоо хоног үргэлжилж магадгүй байгаа бөгөөд АНУ-ын эдийн засагт долоо хоногт 15 тэрбум ам.долларын алдагдал учруулж болзошгүй гэж Сангийн яамны төлөөлөгч лхагва гарагт мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцэн Холбооны нөөцийн сан дараагийн хурлаараа бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулж, дараа нь 12 дугаар сард дахин бууруулна гэдэгт хөрөнгө оруулагчид бараг 100 хувь итгэлтэй байна. 


Оны эцэс гэхэд алтны үнэ нэг унц нь 4400 ам.долларт хүрнэ гэж ANZ-ийн шинжээчид таамаглаж байна. Он гарснаас хойш алтны үнэ 60 гаруй хувиар өсжээ.

相关新闻