Э.Холанд Хойд Америкийг зорино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-16 16:33:52

МОСКВА, 2025 оны аравдугаар сарын 16 /Sport.ru/. Дэлхийн шилдэг довтлогчдын нэг Эрлинг Холанд Норвегийн шигшээгийн бүрэлдэхүүнд ДАШТ-д анх удаагаа оролцох түүхэн боломжийн өмнө тулж ирээд байна.


2000 онд түүнийг төрснөөс хойш норвегчүүд зургаан удаа мундиалд оролцохоор оролдсон боловч бүгд бүтэлгүйтсэн юм.


Харин энэ удаад норвегчүүд 2026 оны ДАШТ-д оролцох эсэх нь “Манчестер Сити”-гийн довтлогчоос хамаарах болоод байна. Э.Холанд УЕФА-гийн сонгон шалгаруулах тэмцээний 6 тоглолтод 12 гоол оруулснаар хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө 5 гоолоор илүү явж байгаа юм.  


Одоогийн байдлаар, Норвегийн шигшээ баг сонгон шалгаруулах шатны зургаан тоглолтод хожиж, Италийн багаас 6 оноогоор илүү байгаа бөгөөд дараагийн тоглолтод Эстонийг хожиж, ялалтын цувралаа үргэлжлүүлэх аваас зорилгодоо бараг хүрнэ.


Италийн баг үлдсэн бүх тоглолтод хожиж, хамгийн олон оноо авсан ч гэсэн оруулсан ба алдсан бөмбөгний зөрүүгээр Норвегийн баг илт давуу буюу +26 гэсэн үзүүлэлттэй /Итали +7/ байна.


Норвегчүүд 1994 онд анх удаа ДАШТ-д оролцсон бол хамгийн сүүлд 1998 онд Францад болсон мундиалаар хэсэгтээ Бразилыг хожиж, шөвгийн 16-д шалгарч байв.


Өнгөрсөн зургаадугаар сард Норвегийн шигшээ Италийг 3:0 харьцаагаар хожиж, дуулиан тарьсан бол одоо нэгэнт эхлүүлснээ дуусгах л үлджээ.  

相关新闻