“Roblox”-той холбоотой аюулгүй байдлын эрсдэлийг үнэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-10-20 17:37:29

АМСТЕРДАМ, 2025 оны аравдугаар сарын 20 /Anadolu/. Нидерландын Засгийн газар цахим тоглоомын “Roblox” платформ дээрх хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэлийг хянан үнэлэх болно гэж тус улсын Дотоод хэрэг, Олон нийттэй харилцах яам даваа гарагт мэдэгджээ. “Instagram”, “Snapchat”, “TikTok” зэрэг нийгмийн сүлжээний платформуудад ийм үнэлгээ хийсний дараа уг шийдвэрийг гаргасан байна. 


​​“Цахим орчинд суралцах, амрах, бие биетэйгээ холбогдох нь хүүхдүүдийн хувьд үнэ цэнтэй зүйл боловч дээрэлхүүлэх, цочирдмоор зургууд үзэх, өөрийн хүсээгүй нэгэнтэй холбоо тогтоох, дэлгэц үзэж хэт их цаг өнгөрүүлснээс үүдэн эрүүл мэндийн асуудал үүсэх гэх мэт сул талууд бий” гэж яамны Төрийн нарийн бичгийн дарга Эдди ван Марум ярьж байна.  Дижитал платформууд хүүхдийн эрх, сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлж байгааг тус яам үнэлэх ажээ.


“Roblox”-ыг хянах ажиллагаа олон улсын хэмжээнд өргөжиж байна. Тухайлбал, АНУ-ын зохицуулагч байгууллагууд болон эцэг эхчүүд "насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн хүчирхийлэл, цахим залиланд өртөхөөс зохих ёсоор хамгаалж чадаагүй" хэмээн тус компанийг буруутган шүүхэд ханджээ.


“Roblox”-ын хувьд нүүр царайгаар насыг тодорхойлох, эцэг эхийн хяналтыг өргөжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг нэвтрүүлсэн боловч ийм хамгаалалтаас хялбархан бултаж гардаг байна. Тухайлбал, хүүхдүүд хязгаарлагдмал функцүүдэд хандахын тулд насаа хуурамчаар бүртгүүлэх эсвэл бусад хүмүүсийн нүүр царайг ашигладаг байж болзошгүй юм.


“Roblox”-ийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, тус компани хэрэглэгчийн зан төлөв болон контентын талаар хатуу дүрэм журмыг мөрддөг байна. “Хэрэв бид эдгээр дүрэм журмыг зөрчиж байгааг анзаарвал анхааруулга өгөх, хаягийг түр хаахаас эхлээд бүрмөсөн хаах хүртэл арга хэмжээ авдаг” гэж компани мэдэгдээд, хэрэглэгчид платформоор дамжуулан хүчирхийллийн талаар шууд мэдээлэх боломжтойг онцолжээ.


Э.Марум хэлэхдээ, нийгмийн сүлжээ болон цахим үйлчилгээ үзүүлэгчид хүүхдийг хамгаалах тал дээр үүрэг хариуцлага хүлээх ёстой гэдгийг онцлон дурдсан байна. “Бид хүүхдүүд болон эцэг эхчүүдэд эдгээр үйлчилгээг хариуцлагатай байдлаар ашиглахад нь туслах ёстой” гэж тэрбээр нэмж хэллээ.

 


相关新闻