Э.Макрон: Луврт гарсан хулгай бол Францын үнэт өв рүү халдсан хэрэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-10-20 10:13:36

ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 20 /DPA/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүдийг хулгайлсан нь Францын соёлын түүх рүү халдсан явдал юм гэж Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ням гарагт зэмлэн буруушаажээ. 


“Түүхийн маань нэг хэсэг, бидний эрхэмлэн нандигнадаг соёлын үнэт зүйлд халдсан явдал гарлаа. Бид алдагдсан эд зүйлсийг олж, гэмт хэрэгтнүүдийг шүүхийн өмнө авчирна. Парисын прокурорын газрын удирдлага дор холбогдох ажиллагааг явуулж байна” гэж Э.Макрон хэлсэн байна.


Луврын музейг шинэчлэх тухай энэ оны нэгдүгээр сард танилцуулсан төслийн хүрээнд аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг чангатгана гэж Францын төрийн тэргүүн хэлээд, ингэснээр бидний түүх, соёлын илэрхийлэл болсон эд зүйлсийг сайтар хадгалж, хамгаалах болно гэдгийг дурджээ.


BFMTV телевизээр цацагдсан дүрс бичлэгээс үзэхэд, Францын титмийн үнэт эдлэлүүдийг хадгалдаг үзэсгэлэнгийн өрөөнд хулгайч нар хулгай хийж байгаа нь харагдана. Гэмт этгээдүүдийн нэг нь цацруулагчтай хантааз өмссөн байсан бөгөөд үзмэрийн хайрцгийн нэгийг хүчээр онгойлгож байгаа нь бичигдэн үлдсэн байна.


Парисын прокурор Лоре Бекка BFMTV телевизэд мэдээлэл өгөхдөө, найман үнэт эдлэл хулгайлагдсаныг дурдсаны дотор Наполеоны хоёр дахь эхнэр, хатан Мари-Луизагийн зүүлт, ээмэг, хатан хаан Мари-Амели, хатан хаан Гортензиа нарын цуглуулгын зүүлт, хос ээмэг, титэм, III Наполеоны эхнэр Евгения хатны хоёр энгэрийн зүүлт, титэм байжээ. Маргад болон олон зуун очир эрдэнээр чимэглэсэн үнэлж баршгүй үнэт зүйл болох Евгениягийн титмийг хулгайч нар хэргийн газрын ойролцоо унагаасан байсныг олжээ. 

 


相关新闻