ЗАВХАН: Статистик мэдээллийг хос бичгээр гаргаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дэлхийн статистикийн өдрийг энэ онд "Чанартай статистик мэдээллийг хүн бүрд” уриан дор тэмдэглэж байна.
Завхан аймгийн Статистикийн хэлтсээс сар бүр сонирхолтой статистик мэдээллийг олон нийтэд мэдээлдэг.
Мөн статистикийн мэдээллийг хос бичгээр хөтөлж олон нийтэд цахимаар дамжуулан хүргэж байна. Долоо хоногийн үнийн мэдээлэл болон бусад статистик мэдээллүүд, инфографикийг ч хос бичгээр хөтөлж байна. Инфографикийн мэдээллийг монгол бичгээр бичихэд багагүй төвөгтэй байдаг. Гэхдээ дахин нягталж, мэргэжлийн зарим хүн болон толь бичиг ашиглаж бичиж байна.
Түүнчлэн статистикийн хэлтсээс эрхлэн гаргадаг жижиг товхимлууд, олон нийтэд танилцуулах улирлын, сарын мэдээ бүхий слайд мэдээллүүдийг ч мөн адил хос бичгээр хэвлэж байна.
НҮБ-ын Статистикийн комиссын 41 дүгээр чуулганаар дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр 10 дугаар сарын 20-ныг “Дэлхийн статистикийн өдөр”-өөр сонгожээ.
Улмаар НҮБ-ын Ерөнхий ассамблей 2015 оны тогтоолоор Дэлхийн статистикийн өдрийг таван жил тутамд тэмдэглэж байхаар шийдсэн аж.
Өнөөдөр дэлхийн статистикийн өдөр. Тиймээс Завхан аймагтай холбоотой сонирхолтой мэдээллийг өгье. Завхан аймаг нь хүн амын тоогоороо улсын дүнд 2.2 хувийг, баруун бүсийн дүнд 17.6 хувийг тус тус эзэлж, хүн амын тоогоороо улсад 15 дугаар байрт орж байна.
Аймгийн нийт хүн амын 22.4 хувь нь Улиастай суманд, 12.9 хувь нь Тосонцэнгэл суманд, 8.9 хувь нь Их-Уул суманд амьдарч байна. Харин 55.8 хувь нь бусад суманд оршин сууж байна. Баянтэс, Баянхайрхан, Завханмандал, Идэр, Отгон, Сантмаргац, Сонгино, Улиастай, Цагаанчулуут, Цэцэн-Уул сумын хүн ам 1-299-өөр буурсан байна. Харин бусад сумын хүн ам 8-119 хүнээр өсжээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн хамгийн бага хүн амтай багаар 211 хүнээр Ургамал сумын Нуур зөөхий баг, хамгийн их хүн амтай багаар 3541 хүнээр Улиастай сумын Жинст баг бүртгэгджээ хэмээн Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.