АРХАНГАЙ: Зургаан настнуудын эрт илрүүлэг үзлэгт 1765 сурагчийг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-21 16:43:22

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Зургаан настнуудыг зүрх, шүд, нүдний эрт илрүүлэг үзлэгт 2024-2025 оны хичээлийн жилд хамруулж дүнг гаргажээ.


Үзлэгт Архангай аймгийн 19 сумын ерөнхий боловсролын сургууль, багт үйл ажиллагаа явуулдаг бага сургууль гээд 30 сургуулийн нийт 1765 сурагчийг буюу 99.83 хувийг хамруулсан юм. Үзлэгээр 1395 нь шүд, нүд, зүрхний ямар нэг өвчлөлтэй болохыг тогтоосон байна. Үүнээс 1383 хүүхдийг эмчлүүлжээ.


Тухайлбал, зүрхний өвчлөлтэй 385 сурагчийн 297-г дараагийн шатлал руу, шүдний өвчлөлтэй 1267 сурагчийг эмчилж эрүүлжүүлсэн бол нүдний асуудалтай 256 сурагчийн 111-ийг нь дараагийн шатлал руу шилжүүлж, эмчилгээнд хамруулсан байна.


Харааны тухайд холын хараа тэнцээгүй 188, ойрын хараа тэнцээгүй 60, стерео хараа тэнцээгүй 138, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай 256 сурагч байжээ.


Зургаан настнуудын эрт илрүүлэг үзлэгийн үеэр ямар нэг өвчлөл гараагүй сургууль нь Булган, Хангай сумын сургууль, Эрдэнэбулган сумын Хоршоолол багийн болон Өндөр-Улаан сумын Хануй баг, Чулуут сумын бага сургуулиуд тус тус оржээ. Харин Тариат сумын ЕБС-ийн зургаан настнуудын 50 хувь нь нүд, шүд, зүрхний ямар нэг өвчлөлтэй гарсан нь хамгийн өндөр тоог харуулсан байна.      

相关新闻