АРХАНГАЙ: Уул уурхайн бүс нутгийн ундны болон хаягдал нуурын уснаас шинжилгээний дээж авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хамтарсан хяналтыг энэ сарын 9-нд хийжээ.
Аймгийн Прокурорын
газар, Орхон чулуут голын сав газрын захиргаатай хамтран Цэнхэр сумын Орхон
багт үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн
нэгжүүдийн 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт явуулсан байна.
Мөн 2025 онд хийсэн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн явцад хяналт тавьж, уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй 5 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа технологийн нуурын ус болон унд, голын уснаас дээж авч, шинжилгээт хяналтыг хийжээ.
Гуравдугаар улирлын энэхүү ундны болон хаягдал усны дээжийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын лабораторид энэ сарын 12-нд хүргүүлсэн байна. Шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна.
Архангай аймгийн мэргэжлийн байгууллагуудаас уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй бүс нутгийн ундны усанд бактерлогийн, хаягдал нуурын усанд хүнд металийн шинжилгээг улирал бүр авч хэвшсэн бөгөөд хоёрдугаар улирал /6-р сард/-ын шинжилгээгээр хаягдал нуурын усанд хүнд металь илрээгүй, ундны усанд ямар нэг өөрчлөлт гараагүй, хэвийн байжээ.
Мөн уул уурхай эрхлэгч компаниуд сар бүр усны дээж авч, шинжлүүлэн холбогдох хариу баримт бичгүүдийг мэргэжлийн байгууллагуудад хүргүүлдэг байна.