О.Оюунтуяа: “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэнд оролцох герман уран бүтээлчдийг тусгай хөтөлбөрт хамруулсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-22 08:59:40

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол, Германы дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн “Эх дэлхийгээ анагаахуй” төслийн 2-р шатны олон улсын уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн талаар “Соёл урлаг хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” ТББ-ын тэргүүн, Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяагаас тодрууллаа.


-Тун удахгүй Монголд монгол, герман уран бүтээлчдийн “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэнгийн онцлог юу байх вэ?

-Энэ удаагийн Монголд зохион байгуулах үзэсгэлэнгийн онцлог нь юу вэ гэхээр, Герман болон Монгол уран бүтээлчид шинэ концепцын дагуу, зөвхөн энэ үзэсгэлэнд зориулсан шинэ бүтээлийг туурвиж байгаа явдал юм. Монгол уран бүтээлчид маань ч мөн адил шинэ бүтээлүүдээ бэлтгэж байна. Бид кураторын хувьд ч энэ үзэсгэлэнг ихээхэн сэтгэл догдлон хүлээж байна. Одоо шинэчилсэн концепцыг куратор маань бүх уран бүтээлчдэд илгээж, уг концепцод нийцсэн бүтээл туурвих саналыг гаргасан. Нийт 18 уран бүтээлчийн дундаас одоогоор шинэ бүтээлээ бэлдэж, оролцох боломжтой уран бүтээлчид хариугаа өгсөн байгаа. Зарим уран бүтээлч энэ үед олон улсын биенналь, үзэсгэлэнд оролцож байгаа, цаг хугацааны боломжгүйгээс шалтгаалан оролцох боломжгүй болсон. Иймээс 10 уран бүтээлч оролцоно. Тэдний дундаас дөрөв нь Монголд ажиллаж, амьдарч буй уран бүтээлч юм.

Тухайлбал, "Тэнгэрийн захидал" уран бүтээлчдийн нэгдэл, уран бүтээлч Ж.Мөнхцэцэг, А.Очирболд, Д.Отгонбаяр нар байна.

Тэдний бүтээл зөвхөн уран зурагт хязгаарлагдахгүй керамик, уран баримал, эсгий урлаг зэрэг олон төрлийн жанрыг хамарч байгаа. Мөн энэ удаагийн үзэсгэлэнд Германд ажиллаж, амьдарч буй монгол уран бүтээлчид оролцоно. Тухайлбал, үзэсгэлэнгийн онцлох уран бүтээлч бол 1988 оноос хойш Германы Фрайбург хотод ажиллаж, амьдарч байгаа Монголын авангардын урлагийг дэлхийд төлөөлж буй уран бүтээлч Үнэн Энх юм. Түүний бүтээлийг Монголд анх удаа дэлгэх гэж байгаа нь үзэсгэлэнгийн маань бас нэг чухал бөгөөд сонирхолтой тал болж байна.

  “Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнд 2024 онд 

тавигдсэн Үнэн Энхийн бүтээл

-Энэхүү үзэсгэлэнг өнгөрсөн жил Германд гаргасан үзэсгэлэнгийн үргэлжлэл гэж ойлгож болох уу?  

-Өнгөрсөн онд Монгол Улс, ХБНГУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэсэн. Хоёр орны хамтын ажиллагаа эдийн засаг, улс төр, шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн салбараас гадна соёл, урлагийн чиглэлээр ч өргөжин хөгжиж, олон томоохон төсөл хэрэгжүүлсэн.

Тэдгээрийн нэг нь “Эх дэлхийгээ анагаахуй” нэртэй соёл, урлагийн хамтарсан төсөл байсан юм. Уг төслийг Монголын “Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” ТББ, Германы “Кунстхаллэ Дюссельдорф” орчин үеийн урлагийн музей, Монголын “Чингис хаан” үндэсний музейтэй хамтран хэрэгжүүлж байна. 

Төслийн бэлтгэл ажлыг 2023 оноос хангаж, 2 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Төслийн эхний шат Германы Дюссельдорф хотын Кунстхалле музейд 2024 оны 6 дугаар сарын 29-нөөс 9 дүгээр сарын 8-ны хооронд зохион байгуулсан.


Энэ үеэр Монгол, Герман болон Германд ажиллаж амьдардаг олон улсын 18 уран бүтээлч “Эх дэлхийгээ анагаахуй” сэдвийн дор хамтарсан үзэсгэлэн гаргасан. Төслийн дараагийн шат нь Монгол Улсад үргэлжилж байна.



 “Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэн 2024 он, “Кунстхаллэ Дюссельдорф”.


Германы болон олон улсын уран бүтээлчид Монголд биечлэн ирж, “Артист резиденси” буюу уран бүтээлчдэд тухайн уран бүтээл дээр ажиллах тусгай орчин бүрдүүлж өгдөг хөтөлбөрт хамрагдан, “Эх дэлхийгээ анагаахуй” сэдвийн хүрээнд өөрийн судалгааны чиглэлээр бүтээл туурвиж байна. Энэхүү төсөл нь хоёр улсын соёл, урлагийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан, уран бүтээлчдийн солилцоо, судалгааны үр дүн юм.


-Уг төсөлд оролцож буй уран бүтээлчид олон төрөл жанраар уран бүтээлээ туурвидаг байх. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнгийн гол уран бүтээлчийг хэрхэн сонгосон байдаг вэ?

-Германд гарсан үзэсгэлэнд 18 уран бүтээлчийн бүтээл тавигдсан юм. Тэдний дундаас онцлон дурдах гол уран бүтээлч бол 1921-1986 оны хооронд амьдарч, уран бүтээлээ туурвисан Германы алдарт уран бүтээлч Йосеф Бойс юм. Тэрбээр дэлхийн орчин үеийн урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан. Иосеф Бойсыг сонгон авч, түүний бүтээлийг судалж буй шалтгаан нь түүний уран бүтээлд Монголын, тэр дундаа нүүдэлчдийн соёлын үзэл санаа, материалын онцлог, хүн ба байгалийн харилцааг гүн гүнзгий тусгасан байдаг. Тэрбээр уран бүтээлдээ байгаль, соёл, хүний оршихуйг холбосон агуулгыг шингээж, уран бүтээлийн материалаа ч мөн онцгой утгаар сонгодог хүн байсан. 


Соёлын элчийн хувьд болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” ТББ-ынхан бид сүүлийн 10-13 жилийн хугацаанд Монголын орчин үеийн болон уламжлалт соёлыг олон улсад сурталчлах, судлах чиглэлээр төрөл бүрийн жижиг, дунд, том хэмжээний төслийг хэрэгжүүлж ирсэн.


Бидний зорилго бол Монголын орчин үеийн уран бүтээлчдийн чадвар, бүтээлч сэтгэлгээг дэлхийд таниулах, нүүдэлчдийн соёлын өвөрмөц үнэ цэнийг орчин үеийн урлагийн хэлээр илэрхийлж, дэлхийд хүргэх юм. Германд зохион байгуулсан үзэсгэлэн амжилттай болж, Дюссельдорф болон Европын урлаг сонирхогчид, уран бүтээлчид Монголын орчин үеийн урлагийн хөгжил, уран бүтээлчдийн чадварыг шинээр үнэлэх боломжийг олгосон. Нийтдээ 100 гаруй хэвлэл мэдээллийн сувгаар үзэсгэлэнгийн тухай мэдээлэл бэлтгэсэн байсан.


-“Эх дэлхийгээ анагаахуй”, “Анагаагч дэлхий” хэмээх 2 нэрийн хувьд ямар агуулгыг илэрхийлэхийг зорьж байгаа вэ?

-Энэхүү сэдвийг манай куратор төслийг хамтран санаачлагч доктор Григор Янсоны өмнө дэвшүүлсэн онол, үзэл санаанд тулгуурласан юм. Хэдийгээр Иосеф Бойс 1986 онд нас барсан ч урлагийн ертөнцөд үзүүлсэн нөлөө, чиг хандлага нь өнөөг хүртэл орчин үеийн урлагт хүчтэй хэвээр байна. “Эх дэлхийгээ анагаахуй” хэмээх төслийн нэр нь ч үүнтэй салшгүй уялдаатай.

Даяаршлын энэ эрин үед дэлхий маш хурдацтай хөгжиж байгаа хэдий ч оршин тогтнох үндэс нь хүн ба байгаль хоёрын тэнцвэртэй харилцаанд оршдог. Харин өнөөдөр бид тэр тэнцвэрээ алдаж буйгаас олон асуудал урган гарч байна шүү дээ. Хөгжилтэй орнуудын иргэдийн сэтгэл зүйн түвшинд ч байгальтайгаа нийцэн оршихуйн хүсэл эрмэлзэл нэмэгдэж байгаа нь анзаарагддаг.


Тиймээс төслийнхөө Монголд зохион байгуулах хоёр дахь шатны хэсгийг “Эх дэлхийгээ анагаахуй” биш, харин эсрэгээрээ “Анагаагч эх дэлхий” гэсэн утга санааг илэрхийлж байгаа. Учир нь бид дэлхийгээ анагаах гэж олон жил ярьж, хэлэлцэж ирсэн ч бодит үр дүн нь төдийлөн харагдахгүй байна.


Харин нөгөө талаас дэлхий өөрөө биднийг сэтгэл зүйн түвшинд анагааж, ухааруулж буйг бид ойлгож эхэлж байна. Тиймээс энэ удаагийн Монголд зохион байгуулж буй үзэсгэлэн “Анагаагч эх дэлхий” хэмээх энэ санааг илэрхийлж байгаа.


-Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийг ямар сонголтоор сонгож авсан бэ?

-Уран бүтээлчдийн сонголт анхнаасаа кураторын баг болон төслийн зохион байгуулагчдын хамтын шийдвэр байсан. Германд оршин суудаг олон улсын уран бүтээлчдийн сонголтыг Kunsthalle Düsseldorf институт хийсэн юм. Тус байгууллага сонгосон уран бүтээлчидтэйгээ олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн байсан. “Эх дэлхийгээ анагаахуй” төслийн үзэл санаа, утга агуулгын хүрээнд ямар уран бүтээлчдийн бүтээл, чиглэл илүү нийцэхийг гүнзгий судалсны үндсэн дээр энэ сонголтыг гаргасан.


Харин Монголын уран бүтээлчдийн сонголтыг кураторын баг 2023 оны тавдугаар сард Монголд ажиллах үеэр хийсэн. Тухайн үед Монголын “Art Week” үйл ажиллагааг зохион байгуулж байсан бөгөөд энэ үеэр кураторын баг Монголын уран бүтээлчдийн урлангаар зочилж, уран бүтээлч бүртэй ганцаарчилсан уулзалт, ярилцлага хийсэн.

Ийнхүү уран бүтээлчдийн үзэл санаа, урлагийн чиглэл, бүтээлийн онцлогийг судалсны үндсэн дээр сонгон оролцуулах шийдвэр гаргасан.


-Тэгэхээр 2 жилийн хугацаанд үргэлжилж буй уг үзэсгэлэнг Улаанбаатарт хэзээ хэрхэн нээх вэ?

-Юуны өмнө, манай төслийнхөн Монголын түүх, соёл, нүүдэлчний өв соёлыг орчин үеийн хэллэгээр, зөвхөн монгол уран бүтээлчид төдийгүй олон улсын уран бүтээлчдийн бүтээлээр дамжуулан үзэгчдэд хүргэж байгааг тодотгомоор байна. Манайх энэхүү үзэсгэлэнгээ анх  2024 оны  9 дүгээр  сард “Чингис хаан” үндэсний музейд хийхээр төлөвлөсөн байсан. Гэвч хамтран санаачлагч, куратор эрүүл мэндийн шалтгаанаар сүүлийн шатны үйл ажиллагааг хойшлуулж, энэ жил зохион байгуулахаар болсон юм. Монголд болох тайлан үзэсгэлэн “HUE” арт галерей болон “Чингис хаан” үндэсний  музейтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. “HUE” арт галерейд энэ сарын 29-нөөс 11 дүгээр сарын 30 хүртэл орчин үеийн урлагийн инсталляц болон бусад бүтээлүүдийг дэлгэнэ. Харин “Чингис хаан” үндэсний  музейн 9 давхрын танхимд үзэсгэлэнгээ 12 дугаар  сарын 4-нөөс 1 дүгээр сарын 18 хүртэл зохион байгуулна. 

Бидний энэхүү төсөл хоёр жил үргэлжилсэн томоохон бүтээл бөгөөд “Эх дэлхийгээ анагаахуй-Анагаагч эх дэлхий” нэртэй гурван үе шаттай.


Төслийн энэ шатны үйл ажиллагааг 10 дугаар сарын 25-нд “Чингис хаан” үндэсний музейн 7 давхарт 11:00 цагаас зохион байгуулах нээлттэй ярилцлагын үеэр оролцсон бүх уран бүтээлч, кураторуудыг Монголын үзэгчдэд танилцуулна.


Зөвхөн уран бүтээлчийн бүтээлийг үзүүлэхээс гадна, орчин үеийн урлагийн төрөл бүрийн хэлбэрийг танилцуулдаг. Үүнд инсталляц, үйлдлийн урлаг, дуу хөгжим, бүжиг, баримал, зураг болон медиа бүтээл багтана.

 

相关新闻