1008 айлын орон сууцнаас газраа чөлөөлсөн 756 айлд өмчлүүлэх, 252-ыг нь түрээслүүлэх тогтоол баталжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-22 13:51:36

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт Ногоон нуур орчмын гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцны хороолол барих төслийг 2022-2025 онд хэрэгжүүлж, өнгөрсөн долоо хоногт хүлээлгэн өгсөн.


Улаанбаатар хотын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийг газраа орон сууцаар солих нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулж, “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд хамруулах, чөлөөлсөн газарт хувийн хэвшилтэй хамтран орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэх ажээ. “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцны 756-ыг нь газар чөлөөлсөн айл өрхийг хамруулна. Харин үлдсэн 252-ыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр ашиглахаар төлөвлөжээ. Мөн “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд сонгон шалгаруулж, хамруулах, түрээсийн үнийг зах зээлийн үнэтэй уялдуулж шинэчлэн тогтооно. 


Энэ талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан ярихдаа, “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Барилга хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай холбоотой нэгэн чухал шийдвэр гарлаа. 1008 айлын орон сууцнаас газраа чөлөөлсөн 756 айлд өмчлүүлэх, үлдсэн 252-ыг нь түрээслүүлэх Засгийн газрын тогтоолыг баталсан. Түрээсийн төлбөр нэг мкв нь 6000 төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан энэ төсөл нь 960 хүүхдийн сургуультай, 250 хүүхдийн цэцэрлэгтэй. Сургууль, цэцэрлэг нь ирэх жил ашиглалтад орно” гэв.


Энэхүү орон сууц нь 4.2 га газарт цутгамал төмөр бетон бүтээцтэй, зоорьтой 21 давхар найман блок, нэгдсэн хоёр гараашийн 271 далд зогсоол, хорооллын доторх авто зам, ил авто зогсоол, ногоон байгууламж, гадна төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий цогцолбор хороолол юм.   

相关新闻