Хилийн чанад дахь солонгос судлалыг идэвхтэй хөгжүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Олон Улсын Улаанбаатарын их сургуулийн Солонгос судлалын хүрээлэн УИХТГ-ын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран “Их сургуулийг түшиглэн солонгос судлалыг хилийн чанадад хөгжүүлэх төслийн хүрээнд “БНСУ-ын хөгжлийн төсөл хөтөлбөр судалгааны форум”-ыг зохион байгууллаа.
Форумыг нээж тус хүрээлэнгийн “Их сургуулийг түшиглэн солонгос
судлалыг хилийн чанадад хөгжүүлэх төсөл”-ийн дарга Кан Сонь Хуа хэлэхдээ, “Солонгосын
1950 оны дайны улмаас бүрэн сүйрсэн манай улс өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй
орны эгнээнд багтаж байна. Үүнд, олон хүчин зүйл нөлөөлсөн ч төрийн стратегийн тодорхой
бодлогууд гол үүрэг гүйцэтгэсэн. Бид энэхүү форумаар солонгосын хөгжлийн түлхүүр
стратегийг танилцуулж, түүнийгээ Монголд хэрхэн нутагшуулах боломжийг ярилцаж байна.
Эдгээр илтгэл хэлэлцүүлгээр
дамжуулан Монгол Улс, БНСУ хамтдаа хөгжих шинэлэг, тогтвортой стратегийг эрэлхийлэх,
хэлэлцэх чухал цаг мөч” гэдгийг тэмдэглэсэн юм.
Энэ үеэр МУИС-ийн дэд.проф Ж.Баттөр БНСУ-ын орчин үеийн хөгжлийн үе шатууд, даяаршил, хямрал, хөгжлийн талаарх сургамжийг дурдаад, “Глобал Кореа”, “Брандин Кореа” стратегийн хөтөлбөрийг танилцуулав. Эдгээр хөтөлбөрийг загвар болгон Монгол Улс олон улсад юу хийж чадахыг хэлэлцүүлгийн үеэр эрэлхийлж байлаа. Тухайлбал, дипломат стратегийг бэхжүүлэх, “Улаанбаатарын хэлэлцээр”-ийг чанартай болгох, НҮБ-ын энхийг сахиулах сургалтын төвийг Монголд байгуулах, “Цөмийн зэвсэггүй төвийг сахисан улс” гэсэн дипломат байр сууриа ашиглах, зөвхөн ашигт малтмалаа экспортлох бус, боловсруулах, цэвэршүүлэх, эрчим хүчний технологийн үйлдвэрлэлийг дэмжих, ногоон дэд бүтцэд хөрөнгө оруулалтыг нэмэх хэрэгтэй. Соёл, зөөлөн хүчний стратеги, нүүдлийн соёлын таних тэмдгийг дэлхийд таниулах, олон улсын соёлын харилцааны сүлжээ байгуулах, нүүдлийн ахуйгаа БНСУ-ын “К-соёл” шиг соёлын дипломат хэрэгсэл болгох, олон улсын хөгжлийн тусламж үзүүлэгч орон болох боломжтой.
Мөн “Ногоон Монгол”, “Нүүдлийн Монгол” зэргээр улсын имижээ эерэг брэнд болгон сайжруулах шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийлэв.
Түүнчлэн мэдлэгт суурилсан эдийн засгийн бодлогод тулгуурласан “Брэйн Кореа 21” хөтөлбөрийг сонирхуулсан юм. Энэ хөтөлбөр нь дэлхийн жишигт нийцсэн судалгаатай их дээд сургууль, салбарыг хөгжүүлж, судлаач мэргэжилтэн бэлтгэх, олон улсад эзэмших патентын тоог нэмэх, ахисан түвшний мэргэжлийн сургуулийг чадавхжуулах, өрсөлдөөнд суурилсан сургалт, судалгааны баазыг бэхжүүлж, орчин бүрдүүлэх, салбар хоорондын болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, аж үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллагын уялдааг сайжруулах, нийгмийн асуудлыг бодитоор шийдэх чадвартай боловсон хүчнийг бэлтгэх зорилгоо амжилттай биелүүлснийг ОУУБИС-ийн Солонгос судлалын хүрээлэнг төлөөлж Ph.D Л.Мөнхнаран хэлж байв.
БНСУ нь олон
улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, өндөр хөгжилтэй орны
тоонд зүй ёсоор багтсан, ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт ордог. Дээрх
хөтөлбөр нь улс орондоо бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ технологийг туршиж
нэвтрүүлэн улс орнууудтай өрсөлдөх бодлого хэрэгжүүлсний үр дүн. Тухайлбал
эрдэм шинжилгээний өгүүллэг, патент, ашигтай загвар, зохиогчийн эрх зэрэг оюуны
өмчийн бүтээлээрээ хөтөлбөрийн үр дүнг сайжруулсан нь бусад улс орон ийм бодлого
хөтөлбөр хэрэгжүүлэхэд сургамжтай, үлгэр жишээ болжээ. Ийм хөтөлбөрийн
туршлагыг манай улс ашиглах, нэвтрүүлэхээс өмнө одоогийн нөхцөл байдал, ажиллах
хүчний бүтцээ дүгнэх хэрэгтэйг судлаачид илэрхийлсэн юм.
БНСУ дахь Элчин
сайд асан П.Үржинлхүндэв БНСУ
нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг төрийн бодлогоор хөгжүүлж, олон төсөл хөтөлбөр
хэрэгжүүлж, асар их амжилт олсныг тодотгоод, “Хамгийн чухал нь төр эдгээрээс энэ
салбарын бизнес, эдийн засгийн бололцоог соргог харж, эрх зүйн орчныг
сайжруулж, татварын бодлогоор дэмжин, салбар хоорондын уялдааг сайжруулж, гадаад
зах зээлд гарахад нь бүх талаар тусалсныг дурдах ёстой. Монгол Улсын соёлын
бүтээлч үйлдвэрлэл нь харьцангуй шинэ салбар. Гэхдээ манай улс соёлын баялаг
өв, уламжлалтай. Өв соёл бол нөхөн сэргээгддэг онцлогтой баялаг. Үүнийгээ цаг
алдахгүй эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн брэнд бүтээгдэхүүн бий болгох нь
чухал юм. Өрсөлдөх чадвартай, олон тулгуурт эдийн засгийн бүтэц бий болгох,
тогтвортой хөгжлийг хангахад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх
шаардлагатай. Энэ тал дээр БНСУ-ын соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллага,
уран бүтээлч, хувь хүмүүстэй хамтран ажиллах боломж их бий” хэмээжээ.
ОУУИС-ийн Солонгос судлалын хүрээлэнг 2003 онд байгуулснаас хойш Монгол дахь Солонгос судлалын суурийг тавьж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, БНСУ-ын Солонгос Судлалын Академийн хоёр тэрбум төгрөгийн санхүүжилттэй “Их сургуулийг түшиглэн хилийн чанад дахь Солонгос судлалыг хөгжүүлэх” 5 жилийн хөтөлбөрт 2022 онд шалгарч, өнгөрсөн гурван жилд Солонгос судлалыг хөгжүүлэх олон ажлыг хэрэгжүүлжээ. Хөтөлбөр нь гадаадын сургалт судалгааны чадавх бүхий их сургуулийг түшиглэн бүс нутгийн Солонгос судлалын судалгааны түшиц төвийг хөгжүүлж, ойролцоох орнуудтай энэ чиглэлээр судалгаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх зорилготой юм. Тус хүрээлэнгээс энэ онд Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан “БНСУ-ын улс төр” олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж, энэ сэдвээр сурах бичиг боловсруулах, судалгаа, нэг сэдэвт бүтээл туурвих, эрдэм шинжилгээний сэтгүүл гаргажээ.
Албан бус мэдээллээр, монголын хүн амын 12 орчим хувь нь
солонгос хэлийг тодорхой түвшинд эзэмшсэн гэсэн тоо байдаг аж.