МУГЖ Г.Ариунбаатар БНСУ-ын тайзнаа урилгаар дуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМУГЖ Г.Ариунбаатар БНСУ-ын Соннам хотын дуурийн театрт урилгаар дуулахаар болсноо өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.
Тэрбээр энэ сарын 17-нд тус театрын тайзнаа тоглох "Кармен" дуурийн Эскамильогийн дүрийг бүтээх юм. Тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч 25-200 мянган воны үнэтэй.
Францын хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен” дуурь 1875 онд анх Парис хотод тавигдсанаас хойш өнөөг хүртэл дэлхийн олон оронд сонгодог урлаг сонирхогчдод хүрч байна.
Дашрамд дурдахад, МУГЖ Г.Ариунбаатар 2011 онд Москвад болсон М.И.Глинкийн нэрэмжит олон улсын гоцлол дуучдын уралдааны тэргүүн шагнал болон Павел Лисицины нэрэмжит тусгай шагналыг тус тус хүртэж байв. Мөн 2012 онд Монгол Улсын шилдэг дуучны тусгай шагнал, 2014 онд Москвад болсон Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Гран при шагнал хүртсэн юм. Түүнчлэн өнгөрсөн жил урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдаанаас эх орондоо анх удаа “Тэргүүн байр”, “Алтан медаль” авчирсан билээ.
Ж.Болор