ЗАВХАН: Сумын төвүүдэд АТМ байршуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-24 14:10:15

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн сумдад банкны цахим үйлчилгээ илүү ойртож 24 цаг нээлттэй болжээ.


ХААН банк цахим үйлчилгээгээ өргөтгөж сумын төвүүдэд АТМ киоск төхөөрөмж ашиглан банкны бүх төрлийн үйлчилгээг шуурхай авах боломжийг олгож эхэлжээ.


Энэ 7 хоногт Их-Уул, Баянтэс, Тэс сумын тооцооны төвүүд 24/7 үйлчилгээтэй болжээ. Завхан аймаг дахь арилжааны банкуудын цахим үйлчилгээг авах иргэдийн тоо, банкны үйлчилгээг шуурхай хүргэх төхөөрөмжүүдийн хүрэлцээ энэ мэт сайжирч байна.  


Тус аймагт Монголбанк, ХААН, Хас, Голомт, Төрийн банкны салбар нийт 57 нэгж, тооцооны төвд 250 орчим ажилтан ажиллаж байна. Эдгээр банкуудаар дамжуулан 133 мянга 421 харилцах данс эзэмшигч байна.


Аймгийн хэмжээнд 38 АТМ, БМОЗ машин, ПОС, ПОБ-ын төхөөрөмж 1916 байдаг бол 338 картаар үйлчлэгч байгууллага, 1550 картаар үйлчлэгч иргэн, 69 мянган банкны карт эзэмшигч байна.


Цахим үйлчилгээ буюу мобайл банкны хэрэглэгч 22131, интернэт банкны хэрэглэгч 60776 харилцагч, SMS банкийг 50779 хэрэглэгч хэрэглэж байна.  


Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад мобайл болон интернэт банк хэрэглэгчдийн тоо нэмэгджээ. Ер нь банкны салбарын хэмжээнд, дэлхий даяар цахим шилжилт эрчимтэй өрнөж байгаа.


Банкны үйлчилгээ дижитал болох нь давуу тал ихтэй. Хамгийн энгийн нь гэвэл, банкны үйлчилгээг харилцагч амар хялбараар, байгаа газраасаа, хүссэн үедээ авах боломжтой болж байна. Бүтээгдэхүүн үйлчилгээ харилцагчдын дэргэд очиж буй учир харилцагч цаг заваа илүү чухал, хэрэгтэй зүйлдээ зарцуулна.

Түүнчлэн цахим шилжилтийг дагаад тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчинд үзүүлж буй том нөлөөг онцолж болно. Технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээр харилцагчийн цаг заваас гадна тэр үйлчилгээг үзүүлэхэд ашиглах цаас, цахилгааны зардлыг хэмнэнэ.

Мөн салбар, тооцооны төвд очиход зарцуулах шатахууныг хэмнэнэ. Ингэснээр агаарын бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулна. Жижиг мэт харагдаж байгаа ч энэ өөрчлөлтүүдийн цаана урт хугацаанд маш бодитой үр дүн өгөхүйц, байгальд ээлтэй үйлчилгээнүүд бий болж байна. Тиймээс хүн төрөлхтөнд тулгараад байгаа экологийн асуудлуудыг шийдэх, тогтвортой хөгжилд ч хувь нэмрээ оруулж байгаа юм гэж Монголбанкны Завхан салбараас мэдээлэв.   


相关新闻