Эрчимт эмчилгээг заалны системд шилжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг болон Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг нь хүчилтөрөгчийн хананы нэгдсэн системтэй болсон учраас хүнд өвчтөний эмчилгээ болон асаргаа сувилгааны хяналтыг сайжруулах зорилгоор эрчимт эмчилгээний өрөөнүүдийг шинэчлэн заалны зохион байгуулалтад орууллаа.
Нэгдсэн эмнэлэг хуучин төмөр баллоныг өвчтөний орны дэргэд байрлуулж үйлчилгээ үзүүлдэг байсан бөгөөд баллон унах цаашилбал дэлбэрэх эрсдэлтэй байсан. Харин нэгдсэн системтэй болсноор эрсдэлгүй шаардлагатай үед олон иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм байна. Өөрөөр хэлбэл хүчилтөрөгчийг баллоноор зөөж хүргэдэг байхад үед өдөрт хүчилтөрөгчийн дутагдалд орсон 4-5 хүнд үйлчилгээ үзүүлж байсан бол нэгдсэн системд холбогдсоноор хүүхэд, төрөх, мэс засал, сэхээн амьдруулах, халдвартын тасаг зэрэгт нэгэн зэрэг шаардлагатай 30-40 хүнд хүчилтөрөгчийг өгөх боломжтой болжээ.
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хамт олон төсөл бичиж Дэлхийн зөн олон улсын байгууллагын 50 сая төгрөгийн санхүүжилтээр эрсдэл үүсгэдэг технологийг халж орчин үеийн хананы хүчилтөрөгчийн системтэй болжээ. Хүчилтөрөгчийн нэгдсэн систем бүхий заалыг ашиглалтанд оруулснаар хүчилтөрөгчийн дутагдалт орсон хүүхэд болон насанд хүрэгчдэд түргэн шуурхай хананы хүчилтөрөгч өгч, эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг бий болгож, өвчтөнд хийх эмчилгээний аюулгүй байдал алдагдахгүй, эмч ажилчдын ажиллах нөхцөлд сайтар тохирсон зэрэг онцлог давуу талтай ажээ.
Б.Гантуяа