ЗАВХАН: Дилав хутагт Б.Жамсранжавын туйлын хүсэл, эрхэм зорилго биелсэн өдөр тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-27 18:08:30

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-д гишүүнээр элссэний 64 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ түүхэн үйл явдалд оройлон оролцсон эрхэм хүн Дилав хутагт Б.Жамсранжавын туйлын хүсэл, эрхэм зорилго биелсэн өдөр юм.  


Дилав хутагт Б.Жамсранжав 1961 оны 10-р сарын 27-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн төв байрны өмнө мандсан Монгол улсынхаа алтан соёмбот далбаанд хүндэтгэл илэрхийлэн зогссон түүхэн өдөр.


Түүх сөхвөл, "Ерөнхий ассемблейн чуулганаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Бүрэн Эрхт Тусгаар Улс хэмээн тунхаглан зарлахад ажиглагчийн суудлаас ази төрхтэй, нүүрэндээ бор цоохор мэнгэтэй хижээл насны нэгэн эр нүдэндээ баярын нулимстай гүн хүндэтгэлтэй харж суусан хэмээн түүх, сурвалжид дурдагддаг энэ хүн бол  Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Дилов хутагт Башлуугийн Жамсранжав байсан гэдэг. 


Түүхч, судлаачид Дилов хутагт Жамсранжавыг их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд аргагүйн эрхэнд эх орноосоо оргон харь газар очсон, мөн зарим нь тусгай даалгавар өвөртлөн явсан хэмээн түүх сурвалжид бичсэн байдаг. Дилов хутагт харь газар Өвөрмонголын хунтайж Дэмчигноров, Хятадын тэргүүн асан Чан Кайши, Төвөдийн Далай лам гэсэн хүмүүсийн зөвлөхөөр ажиллаж, 1948 оны сүүлчээр АНУ-ын Балтимор хот дахь Жон Хопкинсын их сургуулийн Олон улсын харилцааны салбарын захирал Оуэн Латтиморын урилгаар тус сургуульд багшилж байсан бөгөөд 1960 онд “Монгол бусад тусгаар тогтносон улс гүрний адил НҮБ-д бие даасан гишүүн байж болно” хэмээн Чан Кайшигаар хүлээн зөвшөөрүүлж чадсан нь түүний түүхэн гавьяа юм" хэмээн "Зууны мэдээ" сонинд 2021 онд нийтэлжээ.  


Монгол Улс Сан-Францискогийн гэрээ батлагдсан 1946 онд анх НҮБ-д элсэх өргөдөл гаргасан ч 1961 онд гишүүнээр элсжээ. Энэ хүртэл манай улс 15 жилийн турш НҮБ-д хандан уйгагүй санал хүргүүлснийг НҮБ-ын Ерөнхий ассемблей чуулганаараа 13 удаа ямар нэгэн хэлбэрээр хэлэлцсэн байдаг. Үүний эцэст 1961 онд 101 дэх орноор бүртгэж авчээ. Монгол Улс НҮБ-д элсэн орсноор өөрийн дуу хоолойг дэлхийн улс орнуудад хүргэж, олон улсын түвшинд харилцаа, хамтын ажиллагааны шинэ  боломжуудыг бий болгож, хамгийн гол нь тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. 


Энэхүү түүхэн гавьяаг бүтээж байсан эрхэм хүмүүний тухай “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг энэ сарын 29-ний өдөр Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт нээх гэж байна. XX зууны Монгол төрийн зүтгэлтэн, бурхан шашны томоохон төлөөлөгч Дилав хутагт Б.Жамсранжавын амьдрал, түүхэн замналын тухай,

...Эрхээрээ нөмөр хийж
Элбэрэл мааниар нөхөр хийж
Элэг эмтрэм он жилүүдийг туулахдаа
Эх орноо би хором ч мартаагүй… хэмээн бүжгийн урлагаар дамжуулан олны хүртээл болгох юм. "Мөнхөд гэрэлтэх диваажин" бүжгэн жүжгийн зөвлөхөөр Дилав хутагт Данзанламэд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Улиастайд морилжээ.


Зургаадугаар дүрийн Дилав хутагт Данзанламэдийн мэндэлсэн өдөр өнөө тохиож байна. Тэрээр төрсөн өдрөөрөө Улиастайд морилж, жүжгийн бэлтгэл ажилтай танилцаж, сүсэгтэн олонд ном сургаалаа айлдах юм. 


Жүжгийг Улиастайд нээж, энэ сарын 29-ний өдөр Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт, 11-р сарын 22-нд Улаанбаатар хотын үзэгчдэд зориулан тавих юм хэмээн Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театраас мэдээлэв.

相关新闻