“Nvidia”-гийн гүйцэтгэх захирал Өмнөд Солонгост иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-30 16:33:25

СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 30 /Yonhap/. Америкийн “Nvidia” компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ гүйцэтгэх захирлуудын дээд хэмжээний уулзалтад оролцож, бизнесийн салбарын манлайлагчидтай уулзахаар Өмнөд Солонгост хүрэлцэн иржээ. 


Өнөөдөр Инчеоны олон улсын нисэх онгоцны буудалд ирсэн Ж.Хуан үдээс хойш Сөүлд “Hyundai Motor” группийн гүйцэтгэх захирал Эюйсун Чун, “Samsung Electronics”-ийн тэргүүн Ли Жэ Ён нартай уулзах төлөвтэй байгааг салбарын эх сурвалжууд мэдээлсэн байна.


2010 оноос хойш анх удаа Өмнөд Солонгост айлчилж буй “Nvidia” компанийн захирал мөн компанийнхаа “GeForce” график боловсруулах нэгжийг танилцуулсны 25 жилийн ойг тохиолдуулан Сөүлийн өмнөд дүүрэгт болох үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөж байгаа ажээ.


Баасан гарагт Ж.Хуан зүүн өмнөд нутгийн Гёнжү хотод болж буй АПЕК-ийн гүйцэтгэх захирлуудын дээд хэмжээний уулзалтад оролцож, Америкийн технологийн салбарт тэргүүлэгч компанийн Өмнөд Солонгосын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах төлөвлөгөөг танилцуулна.


Ж.Хуан мягмар гарагт /АНУ-ын цагаар/ Вашингтонд үг хэлэхдээ, Азийн дөрөв дэх том эдийн засагтай оронд айлчлах үеэрээ өмнөд солонгосчууд болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд “баяртай” мэдэгдлийг хийнэ гэсэн байна. Түүнийг нисэх онгоцны буудалд ирэх үед сэтгүүлчид уг мэдэгдлийнх нь талаар тодруулахыг хүсэхэд тайлбар өгөхөөс татгалзжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, “Nvidia” компани “Samsung Electronics”, “SK Group”, “Hyundai Motor”, “Naver” компаниудтай хиймэл оюун ухааны чип нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах бололтой.

相关新闻