БАЯНХОНГОР: Цаг агаар тогтуун өдрүүд үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-31 10:48:47

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн УЦУОШГ-аас 11 дүгээр сарын 1-5-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээг ирүүллээ.


Мэдээллээр шинэ сарын эхний өдрүүдэд хур тунадасгүй, цаг агаар тогтуун байдал үргэлжилнэ. 3,4-нд үүлшинэ. Салхи нийт нутгаар 4-9 м/с.


Агаарын температур: хангайн уулархаг нутгаар шөнөдөө -12 -17 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө -4 -9 градус хүйтэн, өдөртөө 0 +5 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө -0 -5 градус хүйтэн, өдөртөө +7 +12 градус дулаан, Эхийн голын баянбүрд орчмоор шөнөдөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, өдөртөө +10 +15 градус дулаан байна.


Баянхонгор аймаг говь, тал хээр, хангай хосолсон гурван бүсийн нутагтай. Тус бүсүүдэд цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Энэ цаг үед тус аймгийн хангайн суманд -15 градус хүйтэн байхад говийн нэг суманд +15 градус дулаан байх жишээтэй.

Баянхонгор аймгийн хамгийн хүйтэрдэг нутаг бол Гурванбулаг. Тус сум аймгийн төвөөс 260 км, Улаанбаатар хотоос 900 км алслагдсан. Нутаг дэвсгэр дунджаар далайн түвшнээс 2000 метрээс дээш өндөрт өргөгдсөн учир жилийн 4 улиралд сэрүүний хугацаа ихтэй, эрс тэс уур амьсгалтай цэвдэг хөрстэй. Гурванбулаг суманд жилийн 306 хоногт хасах градустай байдаг онцлогтой бөгөөд зун нь сэрүүн, богино болдог. Агаарын хамгийн дулаан жилдээ +20 +23.6 градус дулаан, хүйтэн үедээ -49.7 -50.2 градус хүртэл хүйтэрдэг.

Харин тус аймгийн хамгийн их халдаг нутаг бол Шинэжинст сумын Эхийн гол баг. Жилийн дундаж агаарын хэм +5, хур тундас 30 орчим мм буюу бороо, цас бага, зундаа хөрсөн дээр +50 түүнээс ч давж халах нь бий. Баянхонгор аймгийн Эхийн гол нь "Сэгс цагаан богд" уулын ар хормойд Улаанбаатараас 1100 гаруй км, аймгаас 430 км, сумаас 180 км газарт Алтайн цаадах говьд нүдэн булгийн усаар тэтгэгдсэн баян бүрд юм. Эхийн гол баг нь Баянхонгор аймгийн газар тариалан, хүнсний ногоо тариалалт хийдэг гол цэгийн нэг.
相关新闻