Хиймэл оюуны томоохон өөрчлөлтүүдийг боломж болгохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-11-01 11:45:23

ГЁНЖҮ, 2025 оны арваннэгдүгээр сарын 1 /Yonhap/. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар бий болж буй томоохон өөрчлөлтүүдийг хүртээмжтэй эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах боломж болгон хүлээн авахыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён АПЕК-ийн гишүүдэд өнөөдөр уриалжээ.


Ли Жэ Мён зүүн өмнөд нутгийн Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Солонгосын “Бүх нийтийн төлөөх хиймэл оюунд суурилсан нийгэмлэг” нэртэй санаачилгыг танилцуулсан байна.


“Бүгд Найрамдах Солонгос Улс дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс технологийн дэвшлийн ашиг тусыг тэгш хүртэх боломжтой дэлхийн хиймэл оюун ухааны нийгэмлэгийг төсөөлөн төлөвлөж байгаа бөгөөд энэхүү гол зорилгыг хэрэгжүүлэх бодлогуудыг тууштай хэрэгжүүлнэ. Бид хиймэл оюун ухааны авчирсан агуу өөрчлөлтийг боломж болгон хувиргах ёстой” гэж Ли Жэ Мён хэлжээ.


Хуралдааны үеэр удирдагчид энэ жилийн хэлэлцүүлгийн үр дүнг багтаасан “Гёнжүгийн тунхаглал”-ыг батлахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд хиймэл оюун ухаан болон хүн ам зүйн сорилтуудын талаарх хоёр баримт бичиг багтах болно гэж холбогдох албанаас мэдээлсэн байна.


Үүний дараа Ли Жэ Мён АПЕК-ийг даргалах үүргийг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд албан ёсоор шилжүүлэн өгөх бөгөөд тус улс ирэх оны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах юм. Улмаар удирдагчид хамтдаа зураг авахуулсны дараа Ли Жэ Мён АПЕК-ийг даргалж буйн хувиар энэ жилийн уулзалтын гол үр дүнгийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал хийхээр төлөвлөж байна.

相关新闻