Э.Кипчоге долоон тивийн долоон марафонд гүйнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-11-03 13:50:08

НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /AFP/. Марафон гүйлтийн Олимпын хошой аварга Элиуд Кипчоге ирэх хоёр жилийн хугацаанд долоон тивд болох долоон марафонд оролцож, өөрийн итгэл үнэмшлийн үйл хэрэгт зориулж хөрөнгө босгоно гэдгээ мэдэгджээ. Тэрбээр мөн элит түвшинд үргэлжлүүлэн уралдах ажээ.   


Кенийн алдарт тамирчин, дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байсан Э.Кипчоге ням гарагт Нью-Йоркийн марафонд 2 цаг 14 минут 36 секундийн амжилтаар 17 дугаар байранд орж, Төв паркт цугласан үзэгчдийн алга ташилтаар тэмцээнийг өндөрлүүлснийхээ дараа “Дэлхийн аялал”-ынхаа талаар мэдээлэл хийжээ.


“Энэхүү урьд хожид байгаагүй хоёр жилийн турш үргэлжлэх аяллынхаа хугацаанд Кипчоге дэлхийн долоон тивийн марафонд өрсөлдөхийн зэрэгцээ элит түвшинд үргэлжлүүлэн уралдана” гэж Э.Кипчогегийн менежментийн багийн мэдэгдэлд дурдсан байна. Энэхүү төсөл нь манай гараг дэлхийг гүйлтийн ертөнц болгоход урам зориг өгөхийн сацуу дэлхий даяарх боловсрол, байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Элиуд Кипчоге" санд зориулан хөрөнгө босгох ажээ.  


Ням гаргийн уралдааны өмнө Э.Кипчоге “Olympics.com” цахим хуудсанд ярилцлага өгөх үеэрээ, Антарктидад гүйхийг хүсэж байгаагаа хэлээд, шинэ төсөл нь “хэн нэгнийг шаргуу ажиллаж хөдөлмөрлөхөд нөлөөлж чадах тэрхүү хэцүү зүйлийг хийх” боломжийг олгож байна хэмээн ярилаа. Мягмар гарагт 41 нас хүрэх гэж буй Э.Кипчогегийн хэлснээр, дэлхийг тойрон аялах төсөл нь түүнд “зөвхөн дээд амжилтын төлөө төдийгүй хүмүүсийн төлөө өрсөлдөх боломжийг олгох” гэнэ. “Би хамгийн сайнаараа гүйхийн тулд үргэлжлүүлэн хичээхээс гадна бусдад урам зориг өгч, хүний боломжинд хязгаар үгүй гэдгийг батлан сануулахыг хүсэж байна” хэмээн тэрбээр ярьжээ.

 


相关新闻