Я.Синнер дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ПАРИС, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /TASS/. Италийн теннисчин Янник Синнер Парисын Мастерс тэмцээнд түрүүлснээр Мэргэжлийн теннисчдийн холбооны (ATP) чансаанд дахин нэгдүгээрт бичигдлээ.
Я.Синнер финалын тоглолтод Феликс Оже-Альяссимерийг 6:4, 7:6-гийн (7:4) харьцаагаар хожжээ. Италийн тамирчин канад өрсөлдөгчтэйгөө таван удаа учраа таарахад гурав дахь удаагаа хожсон нь энэ юм.
Тэрбээр Парист анх удаа түрүүлж байгаагийн сацуу 2023 оноос хойш нэг ч сет алдалгүй “Мастерс” тэмцээний цомыг хүртсэн анхны теннисчин боллоо. Өмнө нь Карлос Алькарас АНУ-ын Индиан-Уэллсийн нээлттэй тэмцээнд ийм амжилтыг үзүүлж байсан юм. Я.Синнер мөн битүү дээвэртэй талбайд хожсон цувралаа 26 болгожээ.
Я.Синнер Парисын Мастерст түрүүлснээр 11500 оноотой болж, 946 мянган еврогийн шагнал хүртжээ. Дэлхийн чансааг тэргүүлж байсан Испанийн теннисчин К.Алькарас (11250) уг тэмцээний хоёрдугаар тойрогт хожигдсон байна. К.Алькарас Америкийн нээлттэй тэмцээний финалд Я.Синнерийг хожсоныхоо дараа энэ оны есдүгээр сараас дэлхийн чансаанд нэгдүгээрт бичигдэж байсан юм. Үүнээс өмнө Я.Синнер ATP-ийн чансааг 65 долоо хоногийн турш тэргүүлж байв.
Чансааны гуравдугаарт Германы теннисчин Александр Зверев (5560 оноо) бичигдэж байна.
Ulaanbaatar