“Silk Way Star” тэмцээний долоодугаар шатанд Ж.Мишээл, Я.Азиз нар тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-11-03 15:40:55

ACТАНА, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /Kazinform/. Казахстаны нийслэл Астана хотноо болж буй “Silk Way Star” олон улсын дууны тэмцээний долоо дахь шат амжилттай болж өндөрлөлөө. Энэ шатанд Монголын дуучин Ж.Мишээл, Малайзын дуучин Ясмин Азиз нар хамгийн өндөр оноо авсан бол Киргизийн дуучин Тамга тэмцээнээ өндөрлүүлжээ. 


Энэ долоо хоногийн дугаарт есөн орны оролцогчид казах ардын дуу дуулж өрсөлдсөн гэж “Казинформ” агентлагийн сурвалжлагч мэдээлсэн байна. Малайзын дуучин Я.Азизын хувьд бямба гаргийн дугаарт “Sugirdin termesi” дууг дуулснаар үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, үзэгчид болон шүүгчид халуун алга ташилтаар баяр хүргэжээ.


Шүүгч Сакен Майгазиев Я.Азизын үзүүлбэрийн талаар сэтгэгдлээ хуваалцахдаа “түүний дуулах эрч хүч гайхалтай байсан” гээд, энэ бол хамгийн хэцүү дуунуудын нэг хэмээн нэмж хэлсэн байна. Малайзаас зорин ирээд казах дууг ийм чадварлаг дуулахад маш их зориг шаардагдана гэж С.Майгазиев хэлжээ.


Бямба гаргийн дугаарт Монголын дуучин Ж.Мишээл, Малайзын оролцогч Я.Азиз нар тус бүр хамгийн өндөр буюу 126 оноо авсан байна. Харин Саро Геворгян /Армени/ гуравдугаарт, Автандил Абесламидзе /Гүрж/ дөрөвдүгээрт, Жан Хе Сюань /Хятад/ тавдугаар байрт, ALEM /Казахстан/ зургаaдугаар байрт, Тамга /Киргизстан/ долоодугаар байрт, Мадинабону Адилова /Узбекистан/ наймдугаар байрт, Фахриддин Хакимов /Тажикистан/ есдүгээр байрт тус тус шалгарчээ.


Ингээд нийлбэр дүнгээр хамгийн цөөн оноо авсан Киргизийн Тамга “Silk Way Star” шоунаас хасагдсанаар найман оролцогч шигшигдэн үлдлээ. Энэхүү шоуг Казахстаны Ерөнхийлөгчийн Телевиз, радиогийн цогцолбор болон Хятадын Хэвлэл мэдээлийн группийн хооронд байгуулсан “Silk Way Star” олон улсын төслийг бий болгох гэрээний хүрээнд зохион байгуулж байгаа юм.

相关新闻