УИХ-ын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-04 15:19:37

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтран хуралдав.


Хуралдаанаар Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийн “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно." гэсэн заалтыг хүчингүй болгох тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ.


Иргэн Ц.Батболд энэ асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийг 2025 оны есдүгээр сарын 24-нд petition.parliament.mn цахим системээр гаргасныг 30 хоногийн хугацаанд 100467 иргэн дэмжжээ. Нийтийн өргөдөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, А.Ариунзаяа, О.Алтангэрэл, С.Зулпхар, О.Саранчулуун нар уг өргөдлийг гаргасан иргэн Ц.Батболдоос асуулт асууж, хариулт авав.


УИХ-ын гишүүд бүрэн эрх нь дуусгавар болсон хэчнээн гишүүн дээрх тэтгэмжийг авч байсан, түүний үүрэг, зорилго юу болох, энэ талаарх гадаадын улс, орнуудын жишиг, туршлага ямар байдаг, ер нь УИХ-ын гишүүний эрх ямба цаашид ямар байх, иргэд сонгогчдоос доогуур буюу дутуу нөхцөлтэй байх ёстой эсэх зэрэг асуултыг тавьж байлаа. Өргөдөл гаргасан иргэн Ц.Батболд Үндсэн хуулиар тогтоосноор УИХ-ын гишүүний бүрэн эрх тодорхой хугацаа гэдгийг онцолж, бүрэн эрх нь дуусгавар болсон үед УИХ-ын гишүүн биш иргэн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасан ажилгүйдлийн тэтгэмжийг авах нь зүйтэй гэсэн юм. Тэрбээр ардчилсан тогтолцоотой улс орнуудад парламентын гишүүнд бүрэн эрх нь дууссаны дараа тусгай тэтгэмж олгох зохицуулалт байхгүй гээд БНСУ-ын жишээгээр тайлбарлав.


Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа уг асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолыг хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 63.4 хувийн саналаар баталлаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ахалж, бүрэлдэхүүн О.Алтангэрэл, Б.Бат-Эрдэнэ, Б.Пунсалмаа, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Л.Энх-Амгалан, О.Саранчулуун, С.Зулпхар нар ажиллахаар болов.

 

相关新闻