Казахстан Улсад ажилласан хугацаагаа тооцуулах хуулийн төслийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-04 17:29:43

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулгадаа, “Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталж хэрэгжүүлснээр хоёр улсын иргэд Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжтой болно.

 

Мөн Монгол Улсын иргэд Казахстан Улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгох боломж бүрдэж, нийгмийн хамгааллын баталгаа сайжрах юм. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж буй. Хуулийн төслийг баталснаар бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй.


Түүнчлэн нийгмийн даатгалын сан болон төсөвт нэмэлт хөрөнгийн эх үүсвэр шаардагдахгүй” гэв. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-д танилцуулж, хэлэлцүүлэхээр тогтов.

相关新闻