TMK компанийн Монгол дахь хийн олборлолт дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-11-05 18:09:13

КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /The West Australian/. Австралийн газрын тос, хийн хайгуулын “TMK Energy Limited” компани Монголд хэрэгжүүлж буй нүүрсний давхаргын метан хий олборлох "Гурвантэс XXXV" (“CGS”) төслийнхөө үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийтэлж, 10 дугаар сард олборлосон хийн хэмжээ өмнөх сарынхаас 25 хувиар, наймдугаар сарын үзүүлэлтээс хоёр дахин нэмэгдсэн тухай мэдээлжээ. 


Аравдугаар сард нийт 12 264 шоо метр хий олборлож, өдөрт олборлох дундаж хэмжээ 395 шоо метрт хүрсэн нь дээд үзүүлэлт болжээ. Энэ сарын эхний өдрүүдийн мэдээллээр өдөрт олборлох дундаж хэмжээ 470 шоо метрт хүрч 10 дугаар сарын дунджаас 19 хувиар нэмэгдсэн нь олборлолтын хэмжээ цаашид нэмэгдэх төлөвтэй байгааг харуулж байна. 


Хий олборлолтыг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болох усны үйлдвэрлэл өдөрт 502 баррелийн түвшинд тогтвортой байсаар байна.


Шахсан хий нөөцлүүрийн менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг (RMP) мөрдөж, илүү найдвартай эрчим хүчний эх үүсвэрийг ашигласнаар гүний шахуургын баталгаатай ажиллах үзүүлэлт есдүгээр сард 86 хувьтай байсныг 97 хувьд хүргэсэн нь олборлолтын хэмжээ ийнхүү нэмэгдэхэд нөлөөлжээ. 


RMP-ийг хэрэгжүүлж эхэлснээс хойш гүний шахуургад бөглөрөл гараагүй нь олборлолтыг урт хугацаанд бага эрчимтэй явуулах стратегид итгэх итгэлийг бататгаж байна.


"TMK" компани өрөмдлөгийн гүйцэтгэл, нөөцлүүрийн одоо мэдэгдэж байгаа өгөгдлүүдийг нэгтгэн нөөцлүүрийн анхны загварыг боловсруулсан бөгөөд энэхүү загвар нь нүүрсний дээд давхаргын ердийн босоо, идэвхжүүлээгүй өрмүүдийн эцсийн олборлолт (EUR) ба эдийн засгийн үр ашгийг урьдчилан таамаглах боломжийг олгож байгаа юм. 


Саяхан компанид болсон чухал үйл явдал бол 11 дүгээр сарын эхээр Үйл ажиллагаа хариуцсан албыг Брэд Рив хүлээн авч, Монголд туршилтын цооног өрөмдөх төсөл дээр ажиллаж эхэлсэн явдал юм.


"Rio Tinto", "Gold Fields" зэрэг уул уурхайн компаниудад ажиллаж байсан туршлагатай тэрбээр эн тэргүүнд аюулгүй байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийх, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, одоо шатааж байгаа хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх боломжийг судлах зэрэг  ажлыг гүйцэтгэх ажээ.


Олборлолт тогтвортой өсөж, загварчлал бүрэн хийгдэж, олборлолтын талбайд ажиллах багийг бэхжүүлснээр TMK компани Gurvantes XXXV төслийнхөө дараагийн хөгжлийн шат болон газрын дээр эрчим хүчний ашиглалтыг үр ашигтай болгох тал дээр ахицтай явж байна.


"Аравдугаар сар бол бидний хувьд хамгийн амжилттай сар байсан бөгөөд хийн олборлолт дээд үзүүлэлтэд хүрч, сүүлийн долоо хоногуудад усны үзүүлэлт сайн байгаатай зэрэгцэн өсөлтийн хандлага үргэлжилсээр байгаа нь сайны шинж тэмдэг мөн" гэж  "TMK Energy"-гийн гүйцэтгэх захирал Дугал Фергюсон ярилаа. 

相关新闻