Бичил уурхайгаас олборлосон эрдэс баялгийг борлуулах алба ёсны сүлжээтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-17 10:55:47

Ашигт малтмал Газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагын /ШХА/ тогтвортой  бичил уурхай төсөл \ТБУТ\ Өвөрхангай,  Хэнтий, Ховд  аймгийн Засаг даргын тамгын газартай хамтарч “Бичил уурхайг албажуулах замаар эдийн засагт оруулах хувь нэмрийг   дээшлүүлэх нь” сэдэвт баруун бүсийн зөвлөлгөөнийг 11 сарын 16-17 өдрүүдэд Ховд  аймагт зохион байгуулж байна.

Энэхүү зөвлөлгөөнд  Баян-Өлгий,  Говь-Алтай,  Завхан ,  Увс,  Ховд  аймгийн  бүх  сумдын  төлөөлөл,  Байгаль орчны  газар, Нийгмийн даатгалын  газар, Статистикийн  мэргэжилтнүүд,  Банк санхүүгийн байгууллагын төлөөлөл, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн,  Байгаль  хамгаалагчид, Бичил  уурхай эрхлэгчид  оролцож байна. Ховд аймгийн Засаг  даргын  орлогч  Ш.Батсүх, ШХА ТБУТ-ын ахлах эксперт Т.Энхцэцэг, ШХА ТБУТ-ын эксперт  Д.Ганчимэг, МБУН ДХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Ганболд, Говь-Алтай аймгийн  Есөнбулаг  сумын  ИТХ-ын дарга  Н.Эрдэнэбат нар  зөвлөлгөөнийг удирдаж байна.

Тус зөвлөлгөөн Бичил уурхайг хууль журмын хүрээнд зохион байгуулалтад оруулж,  албажуулснаар бичил уурхайн  салбарын орон нутгийн болон Монгол Улсын эдийн засагт  оруулах  хувь  нэмэр, ач холбогдлыг дээшлүүлэх боломжийн талаар оролцогч талуудыг   мэдээллээр хангах, хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх  зорилготой болж байгаа юм.

Зөвлөлгөөний үеэр Бичил уурхайг хууль эрх зүйн хүрээнд зохион байгуулалтад оруулж  албажуулснаар орон нутгийн хөгжилд оруулж буй эдийн засгийн хувь нэмрийн талаарх судалгааны үр дүн, сайн туршлагуудыг санаачлан танилцуулсан ба Байгаль орчин, Нийгэм, Эдийн засгийн хувьд хариуцлагатай, жендэрийн тэгш байдлыг хангасан хүний эрхэд  суурилсан бичил уурхайн  салбарыг төлөвшүүлснээр гарах үр дүнгийн талаар  хэлэлцсэн юм.

Баруун бүсийн бичил уурхайн зөвлөлгөөний талаар Ховд аймгийн Засаг даргын орлогч  Ш.Батсүх “Бичил уурхайгаар олборлосон эрдэс баялгийн борлуулалтын сүлжээг албажуулж, мэргэжлийн  боловсролын  сургалтаар дамжуулан  бичил  уурхайчдын орлогын эх  үүсвэрийг  солонгоруулах боломжуудыг нээх, Орон нутгийн хөгжлийн бодлогод бичил уурхайн  салбарын  талаар  баримтлах бодлогыг тодорхойлох зорилтуудыг тавьж баруун таван  аймгийг хамарсан зөвлөлгөөнийг зохион байгуулж байна. Энэ зөвлөлгөөний үр дүнд Орон нутгаас бичил уурхайн салбарт баримтлах бодлого тодорхойлогдож хүний эрх, жендэр, байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлуудыг эдийн засагтай холбох, бичил  уурхайгаар олборлосон эрдэс баялгийн борлуулалтын сүлжээг албажуулах тал дээр   зөвлөлгөөнд оролцогчид нэг санал, нэг шийдэлд   хүрнэ“ гэж хэллээ.

А.Бямбасүрэн

 

相关新闻