Дөрвөд хэмээсэн нь Дува сохорын дөрвөн хүүгийн удмаас угсаатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-17 10:58:37

Ховд аймаг 13 үндэстэн ястан эртнээс эв найртай аж төрж ирсэн. Тэдний нэг дөрвөдүүдийн нэг хэсэг нь Ховд аймгийн Дөргөн суманд бөөнөөрөө оршин сууж байна. Дөрвөдүүд нь угтаа Дува сохорын үр хойчис юм.

“Монголын нууц товчоо”-нд, Дува сохор, Добу мэргэн гэсэн ах дүү хоёр байсан бөгөөд Дува сохор нь дөрвөн хөвгүүнтэй байжээ. Дува сохорыг нас барсны дараа түүний дөрвөн хөвгүүд Добу мэргэнийг орхиж нүүгээд дөрвөд овогтон болсон хэмээн өгүүлдэг.

Дөрвөд хэмээсэн нь Дува сохорын дөрвөн хүүгийн удмаас угсаалсан тул ийнхүү дөрөв гэсэн тооны нэрээр нэрлэгдэж байснаа хожим нь олны санаа илтгэсэн-д нөхцөл залгаснаар ”Дөрвөд” гэж нэрлэгдэх болжээ. XV зууны сүүл үеэс өөлд, түмэд, хойд зэрэг аймгууд дотоодын тэмцэлд хүчин сулдан, бас зарим нь гадагш нүүдэллэсэн учир XVI зууны эхнээс дөрвөдүүд ойрадын гол дөрвөн аймгийн нэг хэмээгдэх болсон гэж Монгол Улсын гавьяат багш Б.Баасанхүү асан “олон ястны угсаатны зүй” номондоо бичсэн байдаг..

Дөрвөдүүд өвлийн цагт цагаан нэхийгээр оёсон дээл өмсөнө. Дээл нь оноогүй, хормойн хэсэгт эмжээргүй. Дээлийн хөвөөг “цалам”, энгэрийн эмжээрийг ”манз” гэж нэрлэдэг. Өнгө татаж хийсэн нимгэн үстэй, хурган дотортой дээлийг “үч” гэнэ.

 Эхнэр хүний хамгийн гол чимэглэл нь “үсний гэр" юм. "Үсний гэр"-ийг хар хилэнгээр үйлдэж, үсээ дугтуйлан хийнэ. Шигэрмэгийг мөнгөн чимэглэлээр чимэглэнэ.

Дөргөн суманд одоо ч  настай эмэгтэйчүүд цул мөнгөн эдлэл  сүйх хэлбэртэй ээмэг, зүүлт зүүх ба  дээлийн товч нь хүртэл цул мөнгөөр хийсэн байх ба алт, мөнгөн аяга эдлэл айл гэрт түгээмэл харагддаг. 

Дөргөн сум нь их нууруудын хотгорын давтагдашгүй өвөрмөц хэв шинж бүхий далайн төвшнөөс дээш 1100-1600 метр өргөгдсөн газар  нутгууд багтдаг. Дөргөн сумын нутгийн ихэнх хэсэг нь энэ мужид, зөвхөн уулархаг хэсэг нь хуурай дулаавтар уул хээрийн мужид харъяалагддаг. Эрс тэс ширүүн уур амьсгалтай

Дөргөнчүүдийн нэг хэсэг нь Хар ус нуурын хамгийн том арал болох Агваш арлаар нутаглах ба нуур хөлдмөгц идэр есийн хүйтнээр нуурын арал хулсан дунд өвөлждөг.

Дөргөн сумын нийт хүн амын 99.6хувийг дөрвөд үндэстэн эзэлдэг. 2012 оны эцсийн дүнгээр 684 өрх, 2874 хүн амтай, 84385 толгой малтай болжээ.  Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас эхнээсээ 11-д ордог.

А.Бямбасүрэн

相关新闻