ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 43 дугаар чуулганд манай улсын төлөөлөгчид оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-07 11:30:49

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо энэ оны аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 13-нд болж буй ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 43 дугаар чуулганд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.


Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү энэ сарын 1-нд болсон чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. Тэрбээр дэлхий дахинаа тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хуваагдал зэрэг нийтлэг сорилтыг даван туулах, дэлхийд энх тайван, тогтвортой хөгжлийг цогцлооход ЮНЕСКО-гийн үүрэг улам бүр чухал болж буйг тэмдэглээд, Монгол Улс ЮНЕСКО-гийн эрхэм зорилго, үнэт зүйлийг тууштай дэмжиж ирснийг нотлов. Монгол Улсаас санаачлан батлуулсан “Нүүдлийн соёл иргэншлийн түүх цуврал боть” тогтоол нь нүүдэлчдийн соёлын өв, хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмрийг дэлхийд сурталчлах чухал алхам болж буйг мөн онцлов.

Түүнчлэн Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, мөн соёлын болон байгалийн өвийг хамгаалах дэлхийн хүчин чармайлтад бодит хувь нэмэр оруулах үүднээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025-2029 оны гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа гишүүн улсуудад мэдээлэхийн зэрэгцээ Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буйг тэмдэглэв. 

 

相关新闻