Хятадын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоцыг зэвсэглэлд хүлээлгэн өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-11-10 17:06:02

БЭЭЖИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /Xinhua/. Шинэ үеийн нисэх онгоц тээвэрлэгч “Фүжян” (CNS Fujian, 18) хөлөг онгоцыг Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд албан ёсоор хүлээлгэн өгчээ.


Хөлөг онгоцны тавцан дээр Хятадын төрийн далбааг мандуулах ёслол энэ сарын 5-ны өдөр Хайнань мужийн Санья хот дахь Тэнгисийн цэргийн хүчний баазад болжээ. Ёслолд БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин оролцлоо. 


“Фүжян” бол Хятадын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц бөгөөд цахилгаан соронзон катапульт болон нисэх онгоц буулгагч систем (аэрофинишер) ашиглан хөлгийн тавцангаас онгоцыг хөөргөх, буулгах CATOBAR (Catapult Assisted Hur-Off But Distorted Recovery) системээр тоноглогдсон анхны хөлөг онгоц юм.


Өмнөх нисэх онгоц тээвэрлэгч хоёр хөлөг болох “Ляонин” (CNS Liaoning, 16) ба “Шаньдун” (CNS Shandong, 17) нь STOBAR системээр тоноглогдсон бөгөөд энэ нь онгоцнуудыг трамплин ашиглан хөөргөж, буухад нь нисэх онгоц буулгагч систем ашигладаг гэсэн үг юм.


“Фүжян” нь өмнөх загваруудаасаа илүү том багтаамжтай, илүү хүнд сөнөөгч онгоцнуудыг тээвэрлэх боломжтой гэж үзэж байна.


Уг хөлөг онгоцон дээр J-15 сөнөөгч онгоцноос гадна хамгийн сүүлийн үеийн J-35 сөнөөгч онгоцнууд, радиолокацийн KJ-600 онгоцнууд байрлах төлөвтэй байна. Хөлөг онгоцны цахилгаан соронзон катапультыг шалгах зорилготой далайн туршилтын үеэр “Фүжян”-ы тавцангаас J-35 сөнөөгчийг хөөргөжээ.


Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд хамгийн сүүлийн үеийн нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц багтсан нь сүүлийн жилүүдийн хамгийн чухал амжилт гэж тодорхойлсон байна. 



相关新闻