Гэрээгээр санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэх сургалт зохион байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-11 16:00:00

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Үндэсний аудитын газраас гэрээгээр санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэж байгаа аудитын хуулийн этгээдүүдийн аудиторуудад зориулсан сургалтыг өчигдөр зохион байгуулжээ.


Жил бүр зохион байгуулдаг энэхүү сургалтаар санхүүгийн тайлангийн аудитын стандарт, дүрэм, журам, заавар арга зүй болон гэрээгээр гүйцэтгэх аудитын хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, үүрэг хариуцлага, цаашид анхаарах асуудлын талаар мэдлэг, ойлголт олгодог байна. Энэ удаагийн сургалтад Төрийн аудитын байгууллагын нэрийн өмнөөс аудит гүйцэтгэж байгаа 64 хуулийн этгээдийн удирдлага, менежер, ахлах аудиторууд оролцжээ. 


Сургалтыг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн нээж үг хэлэхдээ, Төрийн аудитын нэрийн өмнөөс санхүүгийн тайлангийн аудит хийж гүйцэтгэхдээ холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, ТАБ-ын журам, заавар, аргачлал болон ёс зүйн дүрмийг баримтлан хараат бус, авлигаас ангид ажиллах ёстой. Гүйцэтгэсэн аудитын илрүүлэлтийг сайжруулахыг хүсье. Төрийн аудитын байгууллага зөвхөн алдаа зөрчил илрүүлдэг бус зөвлөн туслах чиглэлд шалгагдагч байгууллагуудтайгаа хамтран ажилласнаар эерэг үр дүнд хүрэх болно” гэв.




Мөн Төрийн аудитын байгууллага ёс зүй, хараат бус байдлыг хангахын зэрэгцээ авлига, ашиг сонирхлоос ангид ажилладаг бөгөөд аудитын хуулийн этгээдүүд энэхүү зарчмыг баримтлан ажиллахыг уриаллаа.   





相关新闻