Согтуу хүн гудамжинд хэвтэж байна гэх дуудлага 14 хоногт 26 иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОйрын өдрүүдэд цочир хүйтрэх тул иргэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн газраас анхаарууллаа.
Учир нь сүүлийн үед Орхон аймагт архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болсон иргэд гудамж, талбайд хэвтэх тохиолдол олон байгаа ажээ. Сүүлийн 14 хоногийн хугацаанд гэр хорооллын гудамжинд согтуу хүн унтаж байна гэх 26 дуудлага ирсэн байна. Иймд их хүйтрэх үед иргэд аль болох гэртээ байж амь нас, эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй гэлээ.
Түүнчлэн Цагдаагийн газрын Саатуулах байранд хоногт дунджаар 15-20 хүн саатуулагдаж байна. Тэд ахуйн хүрээнд архидаж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх зөрчлөөр иржээ. Он гарснаар тус байранд 3800 иргэн саатуулагджээ.
Ирэх сард шинэ жилийн баярын хүлээн авалтууд эхлэх тул иргэд архийг зохистой хэрэглэж байгууллага, хамт олон ажилчдынхаа эрүүл мэнд, амь насыг хамгаалж архийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх зохицуулалтыг хийхийг Цагдаагийн газраас анхаарууллаа.
Б.Оюун-Эрдэнэ