Өрхийн эмнэлгүүдийг “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ.
Энэ хүрээнд ЦХИХХ-ийн сайд Э.Батшугар, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар Эрүүл мэндийн байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээ хийлгэх ажлыг ЦХИХХЯ болон Эрүүл мэндийн яам хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцжээ.
Монгол Улсын төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-д байршсан бүх цахим үйлчилгээнээс 21.6 хувийг эрүүл мэндийн үйлчилгээ эзэлж байна. Өмнө нь эмчийн гарын үсэг авах, үзлэгт цаг захиалах, шинжилгээний хариу авах зэрэг олон үйлчилгээг авахын тулд заавал биечлэн очих шаардлага тулгардаг байсан. Харин цахим шилжилтийн үр дүнд E-Mongolia-аас авах боломжтой болсон.
Улсын хэмжээнд байдаг 860 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 486 нь Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд холбогдоод байна.
Энэ нь үйлчилгээний өгөгдөл, хариу илгээх хурд, мэдээллийн интеграцийн чанарыг эрс сайжруулсан алхам хэмээн холбогдох албаныхан үзэж байгаа аж. Мөн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Төв, Ховд, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт “Хурдан киоск” төхөөрөмж суурилуулж, иргэдэд эрүүл мэнд, төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн.
Нийслэлийн хэмжээнд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Цэргийн төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн Улсын 2 дугаар төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт "Хурдан киоск" машиныг байршуулаад байна.


Ulaanbaatar