Зэрлэг амьтад идэш тэжээлгүйдэж Булган гол руу ирж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-18 09:41:10

Алтайн цаадахь говийн Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумдад цас найман хоног үргэжлэн орж, цасны зузаан өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа талаар нутгийн иргэд мэдээлж байна. Ууланд цас ихтэй, шуургатай хүйтэн байгаа учраас мал төдийгүй ан амьтан хүртэл идэш тэжээл хайж, сумын төв, гол ус бараадаж орж ирж байна.

Өчигдөр Булган голын харгана дотор зээр янзагаа дагуулан Булган голд ирэх үеэр янзагыг нь нохой барьсныг Булган сумын иргэн “Б” хашаандаа авч ирээд өвс тэжээл өгч тордож байгаа гэнэ. Янзага хоёр гурван газраа шархдсан аж.

Булган голын нутгаар цасны зузаан 40 см хүрч байгаа бол ууланд бараг 1-2 м хүрч байгаа дуулдана. Сумын төвөөс машин гарч чадахгүй, жижиг машин бүр хөдлөх аргагүй болж, өвлийн дугуйтай том машинаар уулын багууд руу гарч байна.

Ингэж цас их унаснаас уулын зэрлэг амьтад гахай, үнэг, чоно идэш тэжээл ховордон гол бараадан орж ирж байгаа аж.

Өвөл нь сахал цантуулж, зун нь чөмөг хайлмаар халуун өвөрмөц уур амьсгалтай Алтайн цаадахь говийнхон байгаль цаг ууртай дасан зохицож байгалийн ган, зудыг давж туулж ирсэн туршлагатай. Гэхдээ л байгалийн гамшгийн өмнө хүч мөхөсддөг.

Хэлж ирдэггүй байгалийн зудыг даван туулах гэж хүн бүр арга сүвэг хайж байна. Баруун бүсийн өвөр бэлд бог мал идэх өвсгүйдэж, үхэр бургас харганын толгой идэж, айлуудын хашаа гэр цасанд дарагдан, цэвэрлэж хүч хүрэхгүй байна гэж нутгийн өвгөн хэллээ.

Зургаан жилийн өмнө 2010-2011 оны өвөл, хав Баруун гурван суманд зуд болж, их хэмжээний мал хорогдож, малчид сэтгэлзүйн дарамтад орж, зарим нь байгалийн баялаг руу ханцуй шамлан орж байсан юм.

А.Бямбасүрэн

相关新闻