Өрх, сумын эрүүл мэндийн эмч сувилагч нар Турк улсад мэргэжил дээшлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136 @gmail.com
2025-11-28 11:44:30

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглугийн урилгаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тус улсад 2025 оны 11 дүгээр сарын 24-26-нд ажлын айлчлал хийв.

 

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн 2024 онд тохиосон бөгөөд энэ оны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад төрийн айлчлал хийж, энэ үеэр харилцааны түвшинг ахиулж, стратегийн түншлэл тогтоосон. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж байна.

 

Айлчлалын үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНТУ-ын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглутай хоёр талын албан ёсны уулзалт хийж, хоёр улсын Засгийн газар хоорондын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар ярилцав. Тухайлбал, 2025 оны 9 дүгээр сард Монгол Улсад хэрэгжсэн БНТУ-ын Эрүүл мэндийн сайдын айлчлалын хүрээнд тохиролцсон санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох, өндөр чанартай эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинээр байгуулах Хавдар судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдийн сургалт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг асуудлын хүрээнд тодорхой ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцов. Монголын талаас эмч, сувилагчдыг Турк Улсад шат дараатай сургах, эхний ээлжид өрх, сумын эрүүл мэндийн төвийн ажилтнуудыг хамруулахаар болов.



Цаашид нярайн эндэгдлийг бууруулах хүрээнд эмч, эх баригч, нярайн сувилагч нарт зориулсан ур чадварын сургалтыг 2026 оны зургаадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар талууд тохиролцов.


Мөн зүрхний шигдээсийн шалтгаант нас баралтыг мэдэгдэхүйц бууруулж чадсан Турк Улсын сайн туршлагыг Монголд нутагшуулах, Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны үр нөлөөг сайжруулах чиглэлээр Турк Улсаас мэргэжилтэн, шинжээч урьж ажиллуулах зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв.

 

Хоёр талын албан ёсны уулзалтын үеэр хэлэлцсэн чухал асуудлын нэг нь Монгол Улсаас Турк Улсад эмнэлгийн үйлчилгээ авах иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбогдуулан талууд хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах асуудал байв.

 

Энэ хүрээнд ЭМЯ-ны дэргэдэх Эрүүл мэндийн хөгжлийн төвийн гадаад эмчилгээг зохицуулах нэгж болон Турк Улсын Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний төвийн хоорондын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй, найдвартай байдлыг хангах чиглэлээр талууд санал солилцов.

相关新闻