Дэлхийн зэвсэг үйлдвэрлэгчдийн орлого өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-12-01 11:37:40

СТОКХОЛМ, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /AP/. Украин, Газын зурвасын дайн, түүнчлэн улс орнуудын цэргийн зардал өссөнтэй холбоотойгоор дэлхийн зэвсэг үйлдвэрлэгч хамгийн том компаниудын өнгөрсөн онд зэвсгийн борлуулалт, цэргийн үйлчилгээнээс олсон орлого 5.9 хувиар өссөнийг өнөө өглөө танилцуулсан тайлан харууллаа. 


Стокхолмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн /SIPRI/ тайланд дурдсанаар, зэвсэг үйлдвэрлэгч томоохон 100 компанийн орлого 2024 онд 679 тэрбум ам.доллар болж өссөн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Энэхүү өсөлтийн дийлэнхийг Европ, АНУ-д байрладаг компаниуд бүрдүүлсний сацуу Ази, Далайн орнуудаас бусад бүс нутагт өсөлт ажиглагдсан байна. Хятадын зэвсгийн үйлдвэрлэлийн асуудлуудаас шалтгаалан Ази, Далайн орнуудад энэ үзүүлэлт бага зэрэг буурчээ.


Топ 100-д ​​багтсан “Lockheed Martin”, “Northrop Grumman”, “General Dynamics” зэрэг Америкийн 39 компанийн 30-ийнх нь орлого өссөн байна. Тодруулбал, тэдгээрийн нийт орлого 3.8 хувиар өсөж, 334 тэрбум ам.доллар болжээ. Түүнчлэн Европын 26 компанийн 23-ынх нь орлого тус тивийн орнуудын цэргийн зардал нэмэгдсэнээс үүдэн өссөн дүн үзүүлжээ. Ингэхдээ нийт орлого 13 хувиар өсөж, 151 тэрбум ам.долларт хүрсэн нь Украины дайн болон Оросын зүгээс учирч болзошгүй аюулаас үүдэлтэй эрэлт хэрэгцээтэй холбоотой юм.


Харин Украинд их бууны сум нийлүүлэх засгийн газрын төслийн үр дүнд орлого нь 193 хувиар өссөн Чехийн “Czechoslovak” групп болон 41 хувиар өссөн Украины Батлан ​​​​хамгаалах аж үйлдвэрийн хувьцаат компанийн хувьд мэдэгдэхүйц өндөр өсөлт ажиглагдсан байна.


Европын компаниуд өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд шинэ үйлдвэрлэлийн хүчин чадалд хөрөнгө оруулалт хийж байгаа боловч SIPRI-ийн судлаач Жейд Гиберто Рикард “материалуудын нийлүүлэлт нь сорилт бэрхшээл учруулж болзошгүй” гэдгийг анхааруулсан бөгөөд Хятадын экспортын хязгаарлалтыг харгалзан үзвэл чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг өөрчлөхөд хүндрэл учирч болзошгүйг дурджээ. 


SIPRI-ийн жагсаалтад багтсан Оросын хоёр компани болох “Rostec” болон “United Shipbuilding Corporation”-ы зэвсгийн орлого нь хориг арга хэмжээнүүдээс үл хамааран 23 хувиар өсөж, нийт 31.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. SIPRI-ийн мэдээлснээр, дотоодын эрэлт нь зэвсгийн экспорт буурсныг нөхөхөд хангалттай байгаа боловч чадварлаг ажиллах хүчин хомсдож байгаа нь хүндрэл учруулж байна.


Ойрх Дорнодод зэвсгийн орлого мөн өссөн бөгөөд жагсаалтад багтсан Израилын гурван компанийн орлого 16 хувиар өсөж, 16.2 тэрбум ам.долларт хүрчээ. 2024 онд Газын зурвас дахь Израилын ажиллагаа эсэргүүцэлтэй тулгарсан нь “Израилын зэвсгийн нийлүүлэлтэд тун бага нөлөө үзүүлсэн бололтой” гэж SIPRI-ийн судлаач Зубайда Карим хэлээд олон улс орон шинээр захиалга өгсөөр байгааг дурджээ.


Харин Ази, Далайн орнуудын орлого 1.2 хувиар буурч, 130 тэрбум ам.долларт болсон нь жагсаалтад багтсан Хятадын найман компанийн орлого 10 хувиар буурсантай холбоотой юм. Энэ нь Хятадын зэвсгийн худалдан авалтад гарсан олон тооны авлигын хэргүүд нь өнгөрсөн онд томоохон гэрээнүүдийг хойшлуулах эсвэл цуцлахад хүргэсэнтэй холбоотой гэж SIPRI дүгнэжээ.

 


相关新闻