Булган, Сагсай суманд байдал хүндэрч эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-18 15:04:52

Баян-Өлгий аймгийн Булган, Сагсай сумын нутгаар их хэмжээний цас орсноор малын бэлчээр дарагдан, даваануудын зам хаагдав.

Уг асуудлыг аймгийн Онцгой байдлын комисс авч хэлэлцээд, аймгийн Засаг дарга захирамж гарган, Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж, холбогдох бүх байгууллагыг шуурхайлан дайчилж эхэллээ. Ялангуяа жил болгон Ховд аймгийн нутагт өвлийн отор хийдэг Булган сумын мал онцгой хорио цээрийн улмаас тийшээ оторлох боломжгүй болсноор тэдний малыг Дэлүүн, Толбо сум руу оруулах арга хэмжээ авч байна.

Мөн аймгийн төвөөс Булган сум, Яринтын боомтод хүрэх Улаагчины даваа хаагдсан тул «Жол» компанийн замчид болон Зэвсэгт хүчний Өлгийд байрласан ангийн дайчид тэнд хүчээ төвлөрүүлж байна. Уг сумын нутгаар орсон цасны хэмжээ 30-100 см хүрсэн тул жирэмсэн эхчүүдийг аймгийн төвд ирүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.

Сагсай сумын нутаг мөн адил их цасанд дарагдсан тул онцгой байдлын алба, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн байгууллагаас тусламж хүргүүлээд эхлэв. Гамшигтай эдгээр сумдын аюулгүйн нөөцөд боломжийн өвс тэжээл байгаа, байдал хэцүүдвэл Засгийн газрын зөвшөөрлөөр гаргахаар төлөвлөөд байна.

Ш.Айзаря

相关新闻